Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Monday, April 4, 2011

ТАРХИ УГААХУЙ

Киргизийн нэрт зохиолч Ч.Айтматовын “Цаазын тавцан” зохиолд Манкурт боол гэж дүр бий. Эзний хэлснээр л бүх зүйлийг хийдэг. Ямар ч өөрийн ухаан бодол, хүсэл тэмүүлэл, хэрэгцээ шаардлага гэж байхгүй. Эцэстээ эзнийхээ тушаалаар ээжийгээ харваж хөнөөдөг. Орчин цагийн хэлээр тархиа бүрэн угаалгасан этгээд юм даа.

Практик туршилт
1950 онд “Miami news” сонин дээр “Тархи угаах тактик” хэмээх шуугиантай нийтлэл гарснаас хойш дээрх нэр томъёо нийгэм, сэтгүүл зүйн үгсийн санд орж ирсэн гэдэг. Улмаар уг нийтлэлийн зохиогч болох сэтгүүл зүйн салбарын нэрээр АНУ-ын ТТГ-ын нууц ажилтан байсан Эдвард Хантер уг сэдвээрээ цуврал бүтээл хэвлэсэн аж. Тэрээр тухайн нэр томъёог хятад хэлний “си-нао”( 洗腦 – xǐ năo) буюу “оюун ухаан цэвэрлэх” хэмээх ойлголтоос зээлдэн авсан байна.
АНУ-ын ТТГ тухайн үед “МК-Ультра” нэрийн дор тархи угаах арга техник боловсруулах анхны нууц туршилтаа хэрэгжүүлж байсан бөгөөд туршилтын зорилго нь хүмүүст зүгээр нөлөөлөх төдий бус, тэдгээрийн сэтгэлгээний хэв маягийг цоо шинээр бүрдүүлэхэд чиглэж байсан аж.
Төслийг санаачлагчид Солонгосын дайнд Умардуудад олзлогдсон өөрсдийн цэргүүдийн үйлдлээс санаа авсан гэдэг. Умардуудыг дэмжиж байсан Москва, Бээжингийн зүгээс Умард солонгосын радио сувгаар дамжуулан АНУ-ын засгийн газар, түүний бодлогыг гутаан доромжилсон мэдэгдэл, ухуулгыг явуулах болсон байна. Урьдын эх оронч залуус олзноос эх орондоо ирснийхээ дараа өөрсдийгөө чөлөөлөгдсөн гэж үзээгүйгээр барахгүй Умард Солонгосчуудын дэмжлэгтэйгээр ухуулах хуудас тарааж, түүгээр үл барам өөрсдийгөө коммунистууд руу буцаахыг шаардаж болсон аж.
Солонгосын дайны төгсгөлөөр Хятадад олзогдогсод 7000 гаруй болж, тэдгээрийн 70% нь гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрөх эсвэл АНУ-ыг Ази дахь дайнаа зогсоохыг уриалсан мэдэгдэлд гарын үсгээ зурцгаасан бол 15% нь хятадуудтай хамтран ажиллаж, зөвхөн 5% нь л аливаа шахалт шаардлагыг эсэргүүцэн хүлээж аваагүй байна. Америкчуудын дээрх үйлдэл дайнд олзогдсон англи, австрали, туркчуудын хувьд таагүй үлгэр дуурайл болсон байна. Гэхдээ америкчуудтай харьцуулахад бусад орны олзлогдогсдын хувьд ийм урвалт тун цөөн байсан тул Америкийн ерөнхийлөгч тусгай байгууллагаасаа учир шалтгааныг нь тайлбарлахыг шаардсан юм.
Солонгос дахь “тархи угаалт”-ын үр дүнгийн талаар олон янзын тааамаг, дүгнэлт байдаг бөгөөд хятадуудын суртал ухуулга ямар ч үр дүнгүй зүйл байсан гэх буюу ерөөс энэ бүхэн нь худал цуурхал гэж нөгөө хэсэг нь шүүмжилдэг.
Ямартай ч ТТГ-ын захирал Аллен Даллес Дэлхийд нэр алдартай мэдрэлийн эмч Харольд Вольфыг 1953 оны сүүлээр “тархи угаах” арга техникийн судалгаанд татан оролцуулсан ажээ. Тэд дундад зууны үеийн “ариун инквизици” буюу шашны залхаан цээрлүүлэх аргуудаас аваад фашист германы хорих газрууд дахь нацист сэтгэл зүйчдийн бүтээлийг нэг бүрчлэн судалж эхэлжээ. Шорон, эмнэлгүүдэд эмч нар марихуан, LSD зэрэг мансууруулах бодисууд хар тамхичдын бие организмд ямар нөлөө үзүүлж буйг тогтоох нууц туршилтууд явуулж байлаа. Тэдгээр эм бэлдмэлүүд түр зуурын нөлөө үзүүлж байснаас биш ямар нэг эрс өөрчлөлт үзүүлсэнгүй. Чухамдаа тодорхой эрс өөрчлөлт, үр дүн л чухал байлаа.
Дараагаар нь Аллен Даллес профессор Эвен Камероныг төсөлдөө татан оролцуулав. Камерон зүгээр нэг шизофрени судлаад зогсохгүй хүний зан байдлыг хянах механизмыг нээх зорилгыг өмнөө тавьсан байсан юм. Ингээд туршилтад “дифференциал ой санамжийн гажиг” буюу мартах ёстой тэр зүйлийг мартуулах аргыг туршихыг санал болгов. Тэрээр өвчтний тааламжгүй дурсамжийг мартуулах, зүүдээ үгүйсгэх, хүчтэй өвдөх мэдрэмжээ дарахыг олон давталтаар хэлэх, цахилгаанаар цохиулах эсвэл урт хугацаагаар буюу жил сараар зүүдэнд автуулах байдлаар бодит байдлаас таслах зэрэг сэтгэцэд нөлөөлөх аргуудыг хэрэглэж эхэлжээ. Энэ нь өвчтний амьдралын бүхий л үйл явдлуудыг ой санамжаас нь ор цэвэрлэх, өмнөх дадал, итгэл үнэмшлийг арилган шинээр бий болгох замаар шинэ бие хүнийг “төрүүлэх”-эд чиглэж байлаа.
Камерон туршилтынхаа талаар “Туршилт 3 үе шатыг дамжина. Эхлээд өвчтний ой санамжийн ихэнх хэсгийг мартуулна. Мэдээж энэ үед тэд ямар учир шалтгаанаар хаана байгаагаа ойлгож байдаг. Хоёрдугаар шат, тэдгээрийн орон зай, цаг хугацааны талаар төсөөллийг арилгана. Гэхдээ ой дурсамжинд ямар нэг зүйл хадгалагдсан хэвээр байдаг. Өвчтөнүүд “Би хаана байна вэ?” гэх асуултад хариулах чадваргүй болно. Энэ байдал нь тэдгээрийн санааг зовоож, түгшүүрт байдалд оруулж байдаг. 3 дахь шатанд санаа зовж түгших байдал оргүй болно. Ингээд бүрэн мартагналын байдалд шилжинэ.
Профессор эрүүл болон шизофрентэй хүмүүсийг цахилгаан шок болон зүүдлүүлэх эм бэлдмэлийн нөлөөгөөр бие хүнийх нь зан байдлын схемийг өөрчилж чаджээ. Тэрээр “бүтэн ой санамжийн гажиг”-ын дараагаар шизофрений ямар нэг шинж тэмдэггүй эрүүл зан байдал бүхий санах ойг тухайн хүнд эргүүлэн авч ирж болохыг баталсан ажээ. Улмаар ТТГ-аас “Хүний зуршил дадлын орчныг судлах нийгэмлэг” хэмээх байгууллага үүсгэж, Камеронд 19 мянган долларыг олгож, эмнэлгийн захирлаар давхар томилов.
Хүний зан байдалд буй стереотипыг арилгахын тулд дээрх нөхцлийг бүрдүүлсний дараагаар шинэ стереотип суулгах, дахин програмчлах ажиллагаа явагдана. Товчхондоо, хүн өнгөрсөн амьдралынхаа чухал, нууц зүйлсийг бүрэн мартсаны дараагаас ТТГ-ын аливаа даалгаврыг үг дуугүй гүйцэтгэх этгээд болох ёстой юм.
1980 онд Канадын “Лидерпост” сонинд Камероны нууц судалгааны агуулгыг задалсан байна. “Зохих хэмжээнээс 75-100 дахин өсгөсөн цахилгаан хүчдлийн нөлөөллийг ашиглахын хамт дуу хуураагуурт бичсэн тушаалыг олон цагаар өвчтөнд сонсгоно. Урт хугацаагаар нойронд автуулахын тулд мансууруулд оруулсан хүнийг доргилттой үгээр бөмбөгдөн, улмаар зан байдлыг нь дахин програмчлана”. Тэрчлэн “нойрны коктейль”-ийн жорыг ч нарийвчлан бичсэн байдаг.
Гэхдээ шүүхийн сэтгэл зүйч Дик Энтонигийн баталж буйгаар ТТГ-ын “тархи угаах” практик оролдлого, туршилт нь үр дүндээ хүрээгүй, онолын төдий асуудал хэвэндээ үлдсэн зүйл аж.
Нийгмийн тархи угаах технологи
Орчин үед “тархи угаах” буюу “ухамсрыг хянах” хэмээх ойлголтоор хүмүүсийн шүүмжлэлт сэтгэлгээ, эрүүл логик сэтгэлгээгээр хандах, дүгнэлт хийх бололцоог хязгаарлах буюу мэдээлэл авах нөхцөлд хяналт тавихад чиглэсэн аргуудыг тэмдэглэх болж. Өөрөөр хэлбэл, мэдээллийн бие даасан хэрэгслүүдийг хавчин хяхаж, суртал ухуулгын замаар нийгмийн буюу хувь хүний итгэл үнэмшил, ертөнцийг үзэх үзлийг өөрчлөхөд чиглэсэн манипуляци хийх явдлыг ойлгодог. Тэрчлэн улс төрийн суртал ухуулга, үзэл суртлын сөрөг талыг томъёолдог. Зөвхөн улс төрд гэлтгүй реклам сурталчилгаа, боловсрол, нийгмийн болон гэр бүлийн харилцааны хувьд зориудаар болон санамсаргүй хэрэглэх нь бий. Шашны явцуу сект хөдөлгөөнүүд өөрийн шүтэн бишрэгчдийг татахын тулд хэрэглэж буй арга техник гэдэг утгаар ч ойлгодог. Угаас нийгмийг ухуулан сэнхрүүлэхэд хүмүүсийн шашны сүсэг бишрэл хийгээд үндэсний үзлийг нь ашиглах нь илүү үр дүнтэй болох нь батлагдсан зүйл.
Хүний тархи угаах буюу итгүүлэн үнэмшүүлэх хөрс суурь бол түүний айдас, амьд үлдэх хүсэл юм. “Айдас бол агуу их багш мөн”. Амьд үлдэх хүсэл, айдсыг төрүүлэх нь тархи угаах гол аргын нэг юм. Үүний тулд хэн нэгэн субъектыг дайснаар зарлаж, хэн нэгний амь нас эсвэл улс орон, хэсэг бүлгийн оршин тогтнолд аюул учруулах гэж байгааг зарлахаас эхлэнэ. Соц-нийгмийн үеийн ардын дайсан, японы тагнуул, эх орноосоо урвагч, орчин цагийн хятадын эрлийз, тагнуул, гадаадынхны гар хөл, хуйвалдагчид зэрэг гадаад дотоод дайсан олж илрүүлэх, түүнд өртөхөөс сэрэмжлүүлэх нь тархи угаах чухал арга техник юм.
Дэлхийн түүхэнд улс орнууд дотоод тогтвортой байдлаа хадгалах, авч үлдэхийн тулд дайсан этгээд олж зарлах, аюул түгшүүр төрүүлэх олон янзын арга мэх хэрэглэж ирсэн. Еврейн хуйвалдаан, НАТО-гийн түрэмгийлэл, империалистуудын хуйвалдаан зэрэг гадаад “аюул”-аас гадна өмнөх нийгмийн удирдлага, тогтолцооноос орчин цагийнх нь онцгой дээр болохыг сануулах зорилгоор Сталины хэлмэгдүүлэлт, гитлерийн хорих лагерь, коммунизмын аюул зэрэг ойлголтыг өргөнөөр ашиглаж ирсэн байна.
Дайсан этгээдээ олж тогтоон, айдас төрүүлсний дараа энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шат руу орно. Өөрөөр хэлбэл, шийдвэрлэгч этгээд бүхнээс өөр “ариун цагаан” болохоо мэдрүүлж, ард түмнээ өмөөрөн хамгаалахаар тэмцэж буйгаа зарлана.
Тархи угаах технологийн нэг чухал нөхцөл бол мэдээлэл авах боломжийг аль болох хязгаарлах явдал. Цэрэг арми, мөрдөн байцаалт шорон гяндан, шашны сектүүд, террористуудын барьцаалалт зэрэгт хүмүүсийг өрөөсгөл мэдээллээр бөмбөгдөн, улмаар субъектын зүгээс хүсч буй үйлдлээ хийлгэхэд тухайн этгээд “хэзээд бэлхэн” болгох явдал тун түгээмэл.
Иргэний нийгмийн хяналтгүй аливаа төр засаг ард түмнээ бүхий л гадны дайсан этгээдээс хайрлан өмгөөлж, ард түмнээ тэжээн тэтгэхийн тулд амь бие, ухамсар бодлоо үл хайрлан зүтгэж байгаагаа улиглан давтсаар эцэстээ хэн бүхэн өр зүрхнээсээ төр засаг, хайрт удирдагчаа бишрэн шүтэх хэмжээнд очдог ажгуу. Олон түмний тархийг угаахын тулд зөвхөн хоол хүнсээр хангах хангалтгүй тул эрх ямба, мөнгө, шагнал одон медаль, ирээдүйн баталгаа нөхцөл амлах зэрэг олон арга хэрэгслүүдийг ашигладаг.
Эд материалаас гадна сэтгэл хөдөлгөм янз бүрийн зан үйл, ёслол, арга хэмжээ, парад зохион байгуулах нь итгэн үнэмшүүлэхэд том түлхэц болоод зогсохгүй улмаар олон түмэн тэрхүү зан үйлд дасч, хүсч хүлээхэд хүрдэг аж.
За тэгээд зөвхөн хоол өгөөд тэжээгээд, баярлуулаад байхгүй, субъектийн зүгээс бүхий арга замаар тасралтгүй довтолгоо хийнэ. “Чиний буруу, Бидний түмэн зөв. Ер нь хэзээ нэг цагт чиний зөв байх өчүүхэн ч магадлалгүй. Иймээс чамайг өөрчлөхийн тулд бүхий л талаар тусалж байгаа юм” гэх мэтээр тухайн этгээд тунгаан бодох, шүүмжлэх хугацаа завдал ер өгөхгүйгээр ухуулна. Эрүүл сэтгэлгээгээр асуудалд хандах бололцоог хязгаарлахын тулд дээр дурьдсанчлан тусгай эм бэлдмэл, мансууруулах бодис хэрэглэх албагүй, зүгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байхад хангалттай. Ингээд ямар ч худал зүйлийг үнэн гэж итгэтэл нь олон дахин давтах.
Дараагаар нь хувь хүмүүсийг нэг бүлэг, хамтлагт хамааруулан хамт олны дотор “хүмүүжүүлэх” ёстой. Жинхэнэ марксист, коммунист, маоист, чекист, фашист, пионер хүн, мусульман, жинхэнэ эх оронч “Монгол” хүмүүс ямар байх ёстой тэр байдлаар биеэ авч явах тодорхой шалгуур дүрэм тогтооно. Түүнээс гажсан нөхцөлд нийгэм, олон нийт, хамт олны зүгээс гадуурхан, дорд үзэх, дахин нийгэмшүүлэн хүмүүжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Бүлгийн ёс дүрмийг ширхэгчлэн биелүүлж байгаа бол урамшуулан шагнаж, нэр хүндийг нь өргөн, бусдад үлгэр дуурайл үзүүлж буй баатраар тодруулан алдаршуулна.

Массын тархи угаах арга техник, гарах үр дагаврын талаар Жорж Оруэлийн “Гахайн ферм” бүтээлд тун сонирхолтой хэлбэрээр харуулсан байдаг.

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~