Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Thursday, March 31, 2011

Магистрын диплом бичих зөвлөмж

Магистрын диплом бичих зөвлөмж

Нэг үеэ бодвол Монголын залуус боловсролдоо их анхаардаг болсоор удаж байна. Хүн бүр нэг ч гэсэн хэл сурах гэж оролддог, яаж ийж байгаад нэг бакалаврын боловсрол эзэмшихийг цаашилбал магистр хийхээр мэрийдэг болжээ.
Үнэхээр ч Монголд бакалавр байтугай магистргүй бол "явахаа байчихсан" гэж улс амьтан ярих юм билээ. Хэрвээ ийм болчихсон бол нэг төрлийн "гажиг" үүсчээ л гэж би ойлгоно. Угтаа хүн бүр номын мөр хөөх албагүй, нийгэмд тийм хэрэгцээ ч байхгүй гэж би боддог.

Гэхдээ энэ удаад номын мөр хөөж яваа эрхэм дүү нар, үе тэнгийн залуустаа өөрийн багахан туршлага, үзсэн, уншсан зүйлээсээ хуваалцъя гэлээ.

Мэдээж доорхи зөвлөгөөг заавал магистрын дипломын ажил гэж явцууруулалгүйгээр бакалавр, докторын түвшний болон аливаа судалгааны ажилд тустай /хамаатай/ гэж хүлээж авах нь зохимжтой. Мөн нийгмийн ухааны салбарыг төсөөлж зөвлөсөн тул зарим нэг талаараа байгалийн ухааны судалгаатай нийцэхгүй байж болох юм. Хэт нуршихгүй байх үүднээс нарийн ширийн /detail/-ээс боломжоороо зайлхийнэ ээ.

Эхлээд, - Надад магистр хийх хэрэгцээ шаардлага үнэхээр байгаа бил үү? гэж өөрөөсөө асуух хэрэгтэй байх. "Яагаад гэвэл одоохондоо манайд худалдагч болоход бакалаврын боловсрол хангалттай байгаа шүү дээ". Юу гэх гээд байна вэ гэвэл эзэмшсэн мэргэжил, эрхэлж байгаа ажил чинь чамаас магистрын зэрэг "нэхэж" байгаа эсэхийг ойлгох хэрэгтэй. Үнэндээ 10 ч төгсөөгүй мөртлөө амжилтанд хүрсэн хүмүүс байж л байдаг. Бас эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж ч үзээгүй байж магистр, цаашилбал доктор хийнээ гээд явж байгаа хүн таарч л байдаг. /Хэлэх гэсэн санааг минь ойлгосон биз дээ/

Нэгэнт магистр хийхээр шийдсэн бол аль сургуульд, ямар чиглэлээр хийхээ ч бас тодорхой хэмжээгээр бодчихжээ гэсэн үг. Нийгмийн ухаанаар магистрын сургалт явуулдаг цөөнгүй сургууль байдаг ч нэр хүнд, гол нь чанарын хувьд харилцан адилгүй байдгийг сонголтоо хийхдээ бодоорой. Магистрын сургалтыг бакалаврын боловсролын үргэлжлэл гэж би боддог. Тиймээс ч /жишээ/ эрх зүйн боловсрол эзэмшчихээд эдийн засгаар магистр, анагаахаар доктор хийнээ гээд явах нь учир дутагдалтай гэж би хувьдаа боддог.



Магистрын диплом бичих үйл явцыг сэдэв сонгох, эх сурвалж цуглуулах, эх сурвалжаа боловсруулах, дипломын бичилтийг хийх, хамгаалах гэх мэт үе шатуудад хувааж болох хэдий ч дээрх үйл ажиллагаа нь ихэвчлэн зэрэг хийгдэж явдаг юм.

1. Сэдэв сонгох: Хэн хэлснийг нь мартжээ нэг номын хүн надад ингэж хэлсэн юм. "-Сэдвээ сонгох нь дипломын ажлын 50%-тай тэнцэнэ". Их үнэн тодорхойлолт гэж би ойлгодог. Үнэхээр судалгааны ажлын сэдвээ зөв, оновчтой тодорхойлж, томъёолох нь цаашид туулах бүдэг бадаг судалгааны замыг гэрэлтүүлэх шидтэй байдаг. /Энэ өгүүлбэрийг би хэллээ гэж үү хэхэ/ Иймд сэдвээ сонгохдоо дараахь зүйлсийг бодолцвол зохино.

* Сэдвийн судлагдсан байдал: Хэн нэгний судалчихсан юмыг давтаад суух нь утгагүй. Тэгээд ч аливаа судалгааг хийхдээ урьд нь тэр талаар хэн, юу гэж "донгодсон" болохыг заавал дурьдах бичигдээгүй хууль байдаг. Ингэж байж юу нь орхигдсон, дутуу үлдсэнийг олж тогтоох, түүнийг нөхөх нь чиний судалгааны шинэлэг байдлыг харуулна. Үүний зэрэгцээ огт судлагдаагүй болон сайн судлагдсан сэдвүүдийн "давуу болон сул" талууд байдаг. Огт судлагдаагүй сэдвээр юм хийхэд эх сурвалж олдохгүй түвэгтэй байдаг ч энэ талаар "түрүүлж дуугарсан хөхөө" нь чи байх тул чамайг үгүйсгэх хүн цөөрөөд л явчихна. Харин сайтар судлагдсан сэдвээр юм хийхэд эх сурвалж арвин ч тэр бүгдийг "сөхөж харах" багагүй цагийг чинь авна. Бас олон хүн чиний хийх гээд байгаа зүйлийг хальт мульт гадарладаг тул тал талаас чинь "цэцэрхээд" эхэлнэ. Гэхдээ чи бүх л эх сурвалжуудыг чамбай ашиглаж чадвал айх зүйлгүй ээ. Хамгаалалт дээр нэг нөхөр чамаас "-Тэр нөгөө хэн чиний сэдэвтэй холбоотой тийм юм бичсэн байналээ. Түүнийг олж уншсан уу?" гэж асуухад нь хариулах үггүй зогсож байв аа!

* Сэдвийн ач холбогдол: Зарим нэг нөхдүүдийн магистрын сэдвийг харахад, "-Ёстой магистр болох л гэснээс биш мань хүний судалгаа ч хоосон цаас юм даа" гэж бодоход хүргэдэг. Мэдээж ганц магистрын ажлаар чи дэлхийг өөрчлөхгүй ч хийсэн юм чинь бага ч гэсэн бусдад /чамд бас нийгэмд/ хэрэг болохуйц байгаасай. Онолын эсвэл практикийн олигтойхон ач холбогдол тээгээгүй цагт чиний хөдөлмөр үнэгүйдэж, зарим нэгний нь "тохуу" болохвий.

* Сэдвийн цар хүрээ: Магистрын түвшинд дэндүү ахадсан сэдвүүд явж л байдаг. Би чадна гэж байгаа бол өөр хэрэг. Гэхдээ хамрах хүрээ өргөсөхийн хирээр судалгааны ажлын үндсэн санаа алдагдаж, хаашаа хийсэх гээд байгаа нь ойлгомжгүй /тал талруу үсчсэн/ хамхуул шиг болж орхидог. Иймд судалгааныхаа обьектыг зохих хэмжээнд нь барих нь чухал.

* Судалгааны ажлын зорилго: Зорилгогүй хүн ойд төөрсөн /юутай ч билээ дээ/ адилхан гэж үг байдаг. Хэн ч "-Чихэнд их эвтэйхэн эсвэл доргио, саак сонсогдож байгаа болохоор энэ сэдвээр дипломоо бичнэ ээ" гэж хэлдэггүй байх. Чи сэдвээ сонгохдоо их бага хэмжээгээр судалгааныхаа ажлын үр дүнг таамаглах шаардлагатай болдог. Харин ингэж чадахгүй байвал эрсдэл авмааргүй бол эртхэн өөр сэдэв сонгох хэрэгтэй шүү.

2. Дипломын ажлын бүтэц: Судалгааны ажлын чинь араг яс, тулгуур багана гэсэн үг. Хэдий чинээ зөв томъёолно төдий чинээ эрдмийн ажил чинь хялбаршина. хэдийгээр дипломын ажлын бүтэц гарч ирсний дараа дотрохыг нь дүүргэх замаар ажил хийгддэг ч явцын дунд энэ бүтэц өөрчлөгдөж болдог.

3. Эх сурвалж цуглуулах: Нүүдэлчин соёл иргэншлээсээ болсон ч юм уу манайд аль ч салбарт бичмэл эх сурвалж хүн айж сүрдмээр их биш байдаг болов уу гэж би боддог. Өөрөөр хэлбэл эх сурвалжийг цуглуулах нь "зовоод" байх зүйл биш. Харин ямар нэг гадаад хэл /түгээмэл/ мэддэг хүнд гадны эх сурвалжийг ашиглах асар том боломж байдаг. Бас интернэт. Жаахан учрыг нь олдог болчихвол интернэтээс юу хүссэнээ олж болно. Үнэндээ алхам тутамдаа судалгааныхаа ажилтай холбоотой материалуудыг их бага гэлгүй цуглуулаад явтал нэг харахад уул овоо шиг их юм болчихсон байхвий. Тиймээс ч нэг багш маань "-Эх сурвалжаа тухай бүрд нь боловсруулаад, хэрэгтэйгээ аваад хэрэггүйгээ хаях нь чухал" гэж зөвлөж билээ. Үгүй бол олон материал дундаас аль нь гол, аль нь ач холбогдол багатай болохыг хожим нь зааглах түвэгтэй болно. /эл байдлыг би хоолны бүх материал нь бэлэн ч хоолоо хийж чадахгүй байгаатай адилтгалаа/

4. Эх сурвалжаа боловсруулах: Ер нь бол эх сурвалжаа цуглуулахтайгаа зэрэгцээд түүнийгээ боловсруулж явах нь илүү амар болох талаар дээр өгүүлсэн. Гагцхүү "бүгдийг бус чухлыг" нь судалгаандаа ашиглах нь ажлын чинь чанарыг өөд нь татах болно.

5. Дипломын ажлаа бичих: Эх сурвалжаа боловсруулах явцад дипломын ажлын бичилт ямар нэг хэмжээгээр хийгдчихсэн байдаг. Мэдээж эрдмийн ажлын үг хэллэг энд миний зөвлөж байгаа шиг "дэл сул" биш илүү дутуу үггүй байдгийг сануулах нь илүүц биз. Техник шаардлагын талаар ярьвал дэндүү их зүйл болох тул маш товч нэг зөвлөгөө байна. Хамгаалалтан дээр ч, хожим хойно ч тэр дипломын чинь ажлыг гартаа авсан хүний нүдэнд хамгийн түрүүнд техник алдаанууд тусдаг. Хэлбэр нь гологдож байвал "За даа", "Энэ ч дээ" гэж бодсон хүмүүс ажлын чинь агуулгыг харахдаа "цензур"-тай хандаж болох талтай.

6. Хамгаалалт: /Өглөөнөөс хойш энэ сэдвийг бодож бичиж байгаа болохоор "залхах" талруугаа орж байна. Товч бичнээ./ Хамгаалалт дээр -Би, би гээд цээжээ дэлдээд байж болохгүй. гэхдээ бас үхээнц царайлаад ч байж болохгүй. Үзэл бодлоо харилцан хүндлэлийн хүрээнд тууштай хамгаалах хэрэгтэй. Хамгаалалт дээр "БӨӨРӨНХИЙ" байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл -Яг ийм. Гарцаагүй тийм гэж хэлэхээсээ илүүтэй -Ийм байж болох талтай. Тэгэж болзошгүй. Ингэх магадлалтай гэх мэтээр бөөрөнхийлж байх нь эргээд чамд гарц болно. Гэхдээ "бөв бөөрөнхий" бай гэсэн үг биш шүү. Бас их ярьж болохгүй. Учир нь олон үгэнд олон алдаа гардаг. Гэхдээ дуугүй байж болохгүй. Чамд хандсан шүүмж, саналуудад, -Цаашдын ажилдаа анхааръя, богино хугацаанд судалж ажилдаа тусгая гэх мэт хариу "идеал".

Дипломын ажлын чинь удиртгал хэсэг /би нийт ажлын 80% нь гэж боддог/ чинь сайн бол хамгаалалтаас айх зүйлгүй ээ. Бас удирдагчтайгаа ойр бай! Учир нь эрдэм судлалын тал дээр тэд биднээс илүү туршлагатай байдаг. Нөгөө талаас чамайг хамгаалах ганц бамбай удирдагч байдаг.

Мэдээж олны мэдэх эрдэмтэн, докторууд эрдмийн ажлын талаар маш ихийг зөвлөх байх л даа. Магадгүй энд бичсэнээс тэс хөндлөн юм ч зөвлөх биз. Миний зүгээс ийм л байна. /Жаахан нарийвчилбал ярьж бичих юм зөндөө л байлаа./
Амжилт!

эх сурвалж http://caphbixyh.blog.banjig.net

1 comment:

  1. Thank you ene my magistariin ajild hereg bolno baih gej itgej bna

    ReplyDelete

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~