Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Wednesday, April 27, 2011

Пруссын канцлер Отто фон Бисмарк

Миний хувьд монголын их хаадын дараагаар хүндэтгэн үздэг агуу улстөрчдийн нэг бол яах аргагүй Пруссын канцлер Отто фон Бисмарк билээ.

Энэ хүний талаар сайн мэддэггүй хүмүүст гэж хэлэхэд чухам яагаад энэ хүнийг хүндэтгэх бишрэх болов оо. Ямар үйл хэрэг бүтээсэн болоод алдар суугаа мандуулсан агуу улстөрч хүн гэгдэх болсныг уншигч та бүхэн доорх нийтлэлээс уншаад ойлгох байх гэж бодож байна.

1860-аад он гартал Германы ард түмэн хэдийгээр нэг хэлтэй, бусад олон зүйлийн талаар нийтлэг шинжтэй боловч том жижиг олон ванлигууд болон бутарсан байлаа.

Тэр үед Габсбургийн Австри олон зуун жилийн турш германы голлох гүрэн болж байжээ. Дараа нь Прусс гарч ирж, тэр хоёр улс Германд тэргүүн байр эзлэхийн төлөө өрсөлджээ.

Зууны дунд орчим үед зөвхөн Германд төдийгүй, нийт европын бодлогод он удтал давамгайлах нэг хүн Прусст бий болжээ.

Тэр бол юнкер, өөрөөр хэлбэл Пруссийн газрын өмчтөн Отто фон Бисмарк байлаа. Тэр Ватерлоогийн тулалдаан болсон жил буюу 1815 онд төрж, янз бүрийн ордны үед олон жил дипломат төлөөлөгчийн албан хаажээ.

1862 онд Пруссийн ерөнхий сайд болж нөлөө нь мэдэгдэхүйц ахижээ.

Тэр ерөнхий сайд болоод дөнгөж долоо хоносны дараа нэг хэлсэн үгэндээ: «Орчин үеийн том асуудлыг ихэвчлэн үг яриа, тогтоол шийдвэрээр биш, харин «жад сэлмийн» хүчээр л шийдвэрлэх болно» хэмээн хэлж байжээ.

«Жад, сэлэм» гэнэ шүү. Ихэд алдартай энэ үг Бисмаркийн алсын хараатай цуцалтгүй хэрэгжүүлсэн бодлогын шинжийг бүрнээ илтгэн харуулж байгаа юм. Бисмарк ардчиллыг үзэн ядаж, түүнд үнэнхүү хатуу дарлаж байжээ.

Бисмарк өнгөрсөн хуучны үлдэгдэл боловч маш чадварлаг, шийдмэг хүн байсан учир өнөө үеийг өөрийнхөө эрхшээлд хүчээр оруулж байжээ. Тэр орчин үеийн Герман улсыг байгуулж, арван есдүгзэр зууны хоёрдугаар хагас дахь европын түүхийн явцыг тодорхойлж байлаа.

Гүн ухаантан, зрдэмтдийн Герман орон хойш орхигдож, дайн хийх бэлтгэл хүчээ улам бүр нэмэгдүүлэгч жад, сэлмийн шинэ Герман улс Европ тивд ноёрхох болж байлаа.

Бисмаркийн үеийн германы нэгэн нэрд гарсан хүн: «Бисмарк Германыг их улс болгоод германчуудыг өчүүхэн амьтас болгож байна» гэж хэлж байжээ.

Европ хийгзэд олон улсын хзрэг явдалд Германыг их гүрэн болгон хувиргах гэсэн түүний бодлогыг германчууд таалан үзсэн учир үндэсний нэр хүнд өссөнийг харгалзан Бисмаркийн учруулж байсан элдэв хавчилгыг тэд арга буюу эвлэрэн өнгөрөөхөд хүрч байлаа.
Бисмарк засгийн эрхэнд орохдоо хийх ёстой ажлаа нарийвчлан боловсруулсан төлөвлөгөө бүхий тодорхой ойлгоцтой байжээ.

Тэр уг төлөвлөгөөгөө хатуу баримтлан гайхам амжилт олж чадсан байна. Тэр германыг, тэгэхдээ Пруссээр дамжуулан Европт ноёрхох гүрэн болгон хувиргахыг хичээж байжээ. Тэр үед Францыг европын хамгийн хүчирхэг үндэстэн гэж үзэж байжээ.

Австри бас л хүчтэй өрсөлдөгчийн нэг байлаа.

Бисмарк бусад улс гүрэнтэй яаж харилцаж дараа нь тэднийг яаж ээлж дараалан аргалж байсныг нягтлан үзэх нь хуучин дэг барилын олон улсын бодлого ба дипломатын урлагийн сонирхол татах сургамж мөн.

Тэрбээр давын өмнө Германыг тэргүүлэх гүрэн болгох асуудлыг эргэлт буцалтгүй шийдвэрлэх ажилд орсон байлаа.

Прусс, Австрийн хоорондын урьдын өрселдөөнийг цааш үргэлжлүүлж болохгүй байжээ. Тэр асуудлыг Прусст ашигтай шийдвэрлэж, хоёрдугаарт тавигдах учиртайг нь Австрид сайтар ойлгуулах ёстой байжээ.

Дараа нь Францын ээлж байлаа. Прусс, Австри, Франц гэж миний яриад байгаа нь тэдний засгийн газруудыг л хэлж байгаа хэрэг гэдгийг чи бүү мартаарай.

Тэдгээр засгийн газар аль нэг хэмжээгээр хаант засаг байсан ба парламентын эрх мэдэл тэнд хараахан бага байжээ.
Тийм учраас Бисмарк элдэв шуугиан дэгдээлгүй сэмхэн гэгч нь цэргийнхээ хүчийг зузаатгах ажилд орсон байна. Тэр үед Наполеон III Австрид довтолж, түүнд цохилт өгчээ.

Тэр ялагдал нь Өмнөд Италиар явж аян дайн хийх боломжийг Гарибальдид олгож, улмаар Италид эрх чөлөө олгосон байв. Австри нэгэнт сулран доройтсон болохоор энэ бүхэн нь Бисмаркт тун таатай завшаан байлаа.

Оросын Польшид үндэсний бослого гарах үеэр хэрэв шаардлага гарвал польшуудыг буудахад оролцох болно гэж Бисмарк Оросын хаанд туслахаа амлажээ. Энэ бол жигшилтэй үг боловч түүний зорилгод, тухайлбал ирээдүйд Европт байдал хүндэрвэл цагаан хааныг талдаа байлгахад хэрэгтэй санал байв.

Дараа нь тэр Австритай холбоо тогтоон Данийг бутцохиж, мөн дараахан нь Франц ба Италиас дэмжлэг авна гэдгээ урьдчилан мэдэж аваад Австрийн эсрэг ханджээ.

Прусс 1866 онд маш богино хугацаанд Австрийг бут цохижээ. Тийнхүү Германы дотор хэн толгойлох вэ гэдэг асуудал шийдэгдэж, тэр толгойлогч иь Прусс боллоо гэдэг нь тодорхой болмогц Бисмарк гомдлыг нь намжаахын тулд Австрид их л найр тавин хандах болжээ.

Тэгж Пруссээр толгойлуулсан Умард-германы холбоо байгуулагдах (түүний бүрэлдэхүүнд Австри ороогүй байлаа) зам нээгджээ.

Бисмарк холбооны канцлер (бундестагийн канцлер) болжээ. Өнөө үед зарим эрдэмтэн, улс төрийн бодлоготон ба хуульчид холбоо байгуулах, үндсэн хуультай болох талаар сар, жилээр үргэлжилсэн яриа, маргаан болж байхад Бисмарк Умард германы холбооны шинэ үндсэн хуулийг тавхан цагийн дотор хэлж өгч бичүүлж байсныг тэмдэглэлтэй.

Тэр үндсэн хууль бага сага өөрчлөгдсөн боловч дэлхийн дайн дууссаны дараа 1918 онд бүгд найрамдах улс байгуулагдах хүртэл тавин жилийн турш Германы үндсэн хууль болон мөрдөгдсөөр байжээ.

Бисмарк тавьсан том зорилтынхоо эхнийхийг нь биелүүлж чаджээ. Дараагийн алхамд нь Францыг унагаж Европт зонхилох байр эзлэх ёстой байжээ. Бисмарк Германы нэгдлийг хангаж, европын бусад гүрнүүдийн хардлагыг арилгахыг хичээн битүүхэн уг ажилд бэлтгэжээ.

Урьд өөрт нь ялагдаж байсан Австритай хүртэл огтхон ч хар буруу санаа өвөрлөхийг больсон мэт маш эелдэгхэн харилцах болжээ.

Англи улс түүхийнхээ бүх үеийн турш Францтай өрсөлдөж, Наполеон III-ын нэр алдар хөөцөлдөгч санаархлыг маш их хажиглан сэжиглэдэг байлаа. Тийм учраас Францтай яаж ч мөргөлдлөө гэсэн Бисмарк Английг өөртөө нааштай хандуулж чадах байжээ.

Тэрбээр дайнд бүх талаар бэлтгэж аваад маш уран арга хэрэглэн 1870 онд Наполеон III-ыг өөрөөр нь Прусст дайн зарлуулжээ.

Пруссийн засгийн газар гэм буруугүй мөртлөө Европт Францын түрэмгийллийн золиос болж байгаа мэт харагдаж байлаа.

Парист «Берлин рүү довтлоод! Берлин рүү довтлоод» гэсэн дуу хоолой цуурайтаж, Наполеон III ч ялгуусан армиа дагуулан Берлин рүү дорхноо явж орчихно гэж бодож байжээ.

Гэвч байдал огт урвуугаар эргэжээ. Сайн сургуулилсан Бисмаркийн цэргийн машин Францын зүүн-умард хил рүү дайран орж, Францын армийг хиар цохижээ.

Хэдэн долоо хоног өнгөрмөгц эзэн хаан Наполеон III өөрөө армийнхаа хамт Седаны дэргэд германчуудад олзлогджээ.

Францад тогтнон байсан Хоёрдугаар Наполеоны эзэнт улс тийнхүү эцэс болсон ажгуу. Парист тэр дорхноо бүгд найрамдах засаг тогтжээ.

Наполеон Ш-ын унасан явдал олон шалтгаантай холбоотой боловч хамгийн гол нь залхаан цээрлүүлэх бодлого явуулж байснаасаа болж, өөрийн орны ард түмний дотор маш их нэр хүндгүй болсон байжээ.

Аливаа нэг хаад, засгийн газрууд хүнд байдалд орох үед хэрэглэж сурсан арга болох гадагш дайн хийж ард түмнийхээ анхаарлыг түүнд хандуулах гэж Наполеон III оролдсон боловч тэр нь эс бүтэж, дайн түүний нэр алдар хөөцөлдөгч занг эцэс болгожээ.


Парист «үндэсний батлан хамгаалах» засгийн газар байгуулагджээ. Тэр засгийн газар Прусст найрамдал байгуулах санал тавьсан боловч Бисмаркийн болзол даанч хүлцэхүйеэ бэрх доромжлол байсан тул хэрэг дээрээ арми гэж байхгүй болсон ч гэсэн францчууд дайныг үргэлжлүүлэхээр шийджээ.

Гэвч Германы Арми Версаль хийгээд хотын эргэн тойрныг эзлэн авч Парисыг удтал бүслэн хаажээ. Парис арга буюу буун өгч, шинэ тогтсон бүгд найрамдах улс ялагдсанаа хүлээн Бисмаркийн нэн хатуу болзлыг хүлээн авахад хүрчээ.

Найрамдлын болзол ёсоор дайны асар их төлбөр төлөхөөс гадна хамгийн харамсалтай нь, хоёр зуу гаруй жилийн турш Францын бүрэлдэхүүнд багтаж байсан герман хэлтэн Эльзас, Лотаринг хоёр мужийг Германд нийлүүлэн өгсөн явдал байлаа.

Гэвч Парисыг бүслэн хаасан үеэр Версальд шинэ эзэнт улс бий болж байжээ. 1870 оны есдүгээр сард Наполеон III-ын Францын эзэнт улс эцэс болж, 1871 оны нэгдүгээр сард Версалийн ордны Людовик ХIV-ийн үзэсгэлэнт Их танхимд Пруссийн вангаар толгойлуулсан нэгдсэн Герман улсыг байгуулж, ванг эзэн хаан болгон өргөмжилснийг зарлан тунхаглажээ.

Германы бүх хаад ноёд тэнд цугларч шинэ эзэн хаан буюу кайзерийг хүндэтгэж байгаагаа илэрхийлэн байлаа.

Тийнхүү Пруссийн Гогенцоллеруудын угсааны ван эзэн хаантан болж, нэгдсэн Герман улс дэлхийн нэг том гүрэн болон хувирсан ажээ.

Версальд баяр ёслолын дуу хөгжөөн цуурайтаж байхад хажууханд нь Парист доромжлолын уур хилэн уй гашуу, уйтгар гунигт дарагдан байжээ. Хүмүүс учирсан түмэн зовлонд сэтгэл эмтрэн халаглаж, засгийн газар бат тогтворгүй болсон байжээ.

Үндэсний хуралд хаант засгийн үзэлтэй үлэмж олон хүн сонгогдсон байсан тул тэд элдэв өдөөн хатгалга хийж хаант ёсыг дахин сэргээхийг оролдож байжээ. Тэд бүх саад тотгорыг арилгахын тулд бүгд найрамдах засгийн талынхан гэгдэж байсан үндэсний гвардийн гар хөлийг хүлэхийг хичээж байлаа.

Хотын ардчилсан үзэлт, хувьсгалт элементүүд түүнийг харгислал, мөрдлөг дахин эхэлж байгааг мэдэрч байлаа.

Бослого эхэлж, 1871 оны гуравдугаар сард Парисын «Коммуныг» тунхаглажээ. Коммун бол нэгэн төрлийн нутгийн захиргаа байжээ.

Коммун францын Их хувьсгалын түүхээс зоригжуулах үлгэр дуурайл авахыг хичээсэн боловч түүнээс их илүү юм өөрт нь агуулагдаж байжээ.

Хувьсгал гарах үеэс хэдийгээр тоймтой хэлбэр олж чадаагүй ч гэсэн хөгжиж эхэлсэн шинэ социалист үзэл санаа коммунд шингээстэй байлаа. Коммун нь зарим утгаараа Оросын Зөвлөлүүдийн урьтал байсан юм.

Гэвч 1871 оны Парисын Коммун удаан тогтож чадсангүй. Жирийн ард түмний тэрхүү бослогоос айсан хаант засгийн үзэлтэн ба хөрөнгөтнүүд Коммуны мэдэлд байсан Парисын зарим хэсгийг бүслэн хаажээ.

Версаль болон бусад газрын ойролцоо байрлан байсан Германы арми уг үйл явдлыг сэм ажиглан байлаа. Германчуудад олзлогдсон Францын цэргүүдийг суллан тавьсанд тэд Парист буцаж очоод хуучин офицеруудтайгаа нийлэн Коммуны эсрэг тэмцэж эхэлжээ.

Тэд коммуныхны эсрэг байлдаж 1871 оны хавар, гуравдугаар сарын сүүлчийн нэгэн өдөр бут цохиж, Парисын гудамжнаа эрэгтэй, эмэгтэй гучин мянган хүнийг буудан алсан байна. Олзлон авсан олон тооны коммуныхныг хожим нь мөн заналтайяа буудан хороожээ.

Парисын Коммун тийнхүү дарагджээ. Коммун Европыг ихэд донсолгожээ. Тийнхүү сэтгэл түгшээсэн нь зөвхөн түүнийг цус урсган дарсантай холбоотой төдийгүй, тэр бол оршин байгаа системийг эсэргүүцсэн анхны социалист бослого байсанд оршино.

Баячуудын эсрэг ядуучууд үе үе тэмцэн босдог байсан ч гэсэн тэднийг ядуу зүдүү болгосон системийг өөрчлөх гэсэн санаа урьд нь огт гарч байсангүй.

Коммун бол ардчилсан, бас эдийн засгийн шинжтэй бослого байсан тул Европт социалист үзэл санаа хөгжин дэлгэрэх үе шат болжзэ.

Коммуныг хэрцгийлэн дарсан учир Францад социалист үзэл санаа нууц байдалд орж, дахин сэргэтлээ удсан юм.

Хэдийгээр Коммун дарагдсан боловч Франц цаашид хаант засаг тогтоох гэсэн туршилт хийхээс зайлсхийх болжээ.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа уг асуудал бүгд найрамдах засагт ашигтайгаар бүрмөсөн шийдэгдэж, 1875 оны нэгдүгээр сард Гурав дахь бүгд найрамдах засгийг тунхаглан, шинэ үндсэн хууль баталжээ.

Тэрхүү бүгд найрамдах засаг нь одоо хүртэл оршин байгаа билээ. Хаант засаг л тогтоох хэрэгтэй байсан юм гэж ярьдаг хүмүүс Францад одоо хүртэл байдаг боловч тун цөөн юм.

Францад магад бүгд найрамдах ёс бүрмөсөн ялсан нь тэр байв.

Франц 1870—1871 онд Германтай хийсэн дайнд асар их хэмжээний төлбөр төлсөн боловч доромжлол хүлээсэн ард түмний сэтгэл зүрх хорсол зэвүүцлээр дүүрсэн байлаа. Омог бардам энэ ард түмэн хариу авах цаг ирнэ гэдгээ мартах ёсгүй билээ.

Францчууд ялангуяа Эльзас, Лотарингийг алдсандаа ихэд харамсаж байжээ. Бисмарк Австрийг ялагдсаны дараа түүнд их л ухаалаг, эелдэг ханддаг байсан байтал Францтай огт тиймгүй, ширүүн хатуу хандаж байжээ.

Бисмарк омог бардам дайснаа басамжлан доромжилсноор тэр ард түмэнд хэзээ ч үл мартах үзэн ядах сэтгэлийг төрүүлсэн байлаа.

Седаны дэргэд болсон тулалдааны дараахан, дайн дуусахаас бүр өмнө алдарт социалист Карл Маркс бичиж гаргасан уриалгадаа Эльзасыг булаан авсан явдал хоёр орон найрамдахын оронд түр амсхийж, үхэх сэхэхээ үзэлцсэн дайн хийхэд хүргэнэ гэж урьдаас хэлсэн байв.

Энэ талаар ч, бусад олон зүйлийг талаар тэр үнэхээр бошгот мэргэний ёсоор хэлсэн байв.

Бисмарк Германы эзэнт гүрний хамгийн их канцлер (рейхс канцлер) болсон байна. «Жад, мэсийн» бодлого түр зуур амжилт олж, Герман орон ч түүний нь дагасан тул либерал үзэл нэгэнт нөлөөгүй болжээ.

Бисмарк ардчилалд үл итгэх учир засгийн эрхийг хааны гарт хэвээр байлгахыг хичээдэг байжээ. Германд аж үйлдвэр ба ажилчин анги өсөж ажилчин анги хүчтэй болж, эрс шаардлага тавих болсон зэргээс шинэ шинэ асуудал гарч иржээ.

Бисмарк уг асуудлыг хоёр аргаар, тухайлбал, ажилчдын аж байдлыг сайжруулах, социализмыг нухчин дарах замаар шийдвэрлэхийг хичээж байжээ. Бисмарк нийгмийн хууль тогтоомж гаргах замаар ажилчдыг өөрийн талд татах буюу ядаж л тэднийг илэрхий сөрөг байр суурь баримталдаг болгохгүйг хичээн байжээ.

Тийм бодлого явуулснаар Герман тийм хууль тогтоомж гаргахыг санаачилж, нас хөгшрөхөд тэтгэвэр олгох, ажилчдад нийгмийн даатгал, эмнэлгийн тусламж үзүүлэх хууль гаргаж, бас тэдний амьдралын нөхцөлийг сайжруулах бусад арга хэмжээ авч байжээ.

Аж үйлдвэр эрт хөгжсөн, ажилчны хөдөлгөөний хувьд ахмад Англи энэ талаар олигтой юм хийгээгүй байхад Герман түрүүлж тийм арга хэмжээ авч байжээ.
Ажилчны байгууллага өсөн өргөжиж 1875 онд Социал-демократ намыг байгуулан нэгджзэ. Бисмарк социализмын хүчтэй болж бүхийг хүлцэн тэвчиж чадахгүй байлаа.

Тэр үеэр эзэн хааны амь насанд халдсан хэрэг явдлыг Бисмарк далимдуулан социалистуудыг харгис хэрцгийгээр мөрдөн хавчих болжээ.

1878 онд социалист аливаа үйл ажиллагааг бүрмөсөн хориглосон социалистуудын эсрэг хууль гаргасан байна. Социалистуудын эсрэг нэг ёсны цэргийн дэглэм тогтоож, олон мянган хүнийг улс орноос хөөн гаргаж, шоронд баривчлан хорьжээ.

Хөөгдсөн олон хүн Америкт очиж, тэнд социализмын үзэл санааг нэвтрүүлэгч пионерүүд болжээ. Социал-демократ намыг хүчтэй няцаан цохисон боловч амьдран оршиж чадсан төдийгүй, хожим нь дахин нөлөө бүхий хүч болсон юм.

Бисмаркийн үйлдсэн аллага хядлага тэднийг эцэс болгож чадаагүйгээр барахгүй, Бисмаркийн өөрийн амжилтад улам ч муугаар нөлөөлжээ. Социализмын хүч чадал өсөхийн хэрээр үлэмж их хөрөнгө мөнгөтэй, олон мянган орон тооны ажилтантай том байгууллага болон хувирчээ.

Зарим хүн буюу байгууллага баяжиж аваад хувьсгалч биш болж хувирах явдал байдаг. Германы Социал-демократ нам мөн л тийм замаар орсон ажээ.

Бисмарк амьдралынхаа эцсийг хүртэл дипломат урлагаа хэвээр хадгалсан бөгөөд тэр үеийн олон улсын бодлогод том том жүжгийг тогложээ.

Тэр бодлого нь одоо ч байдаг хооронд нь хатган өдөөх, хууран мэхлэх, айлган сүрдүүлэх арга ажиллагаа байжээ. Түүнийгээ маш нууцгай өнгөлөн далдалж явуулдаг байлаа.

Бисмарк францчууд түүнээс өшөө авах бий гэж айн болгоомжлох учир Австри, Италитай холбоо байгуулж, түүнийгээ Гурвын буюу гурвалсан холбоо хэмээн нэрлэжээ.

Тийнхүү хоёр тал хоёул зэвсэглэж, харилцан өдөөн хатгаж, бие биеэ салахгүй мөрдөн ажих болжээ.

1888 онд залуухан Вильгельм II германы эзэн хаан болжээ. Тэр өөрийгөө их эрх хүчтэй хүн гэж үзэх учир төдхөн Бисмарктай зөрөлджээ.

Тийнхүү «төмөр канцлер» насан дээр гарсан хойноо тушаалаасаа огцорч сэтгэл ихэд гонсгор үлджээ. Сэтгэлийг нь тайтгаруулах гэж түүнд гүн цол хайрласан боловч Бисмарк хаад эздэд гоморхон албан ажлаа орхин, эдлэн газартаа очиж суужээ.

Тэр өөрийнхөө нэг анд нөхөрт: «Би хаад эздийг ихэд өргөмжлөн хүндлэх сэтгэл өвөрлөн албан ажил хийж эхэлсэн юм. Надад хэдийгээр гунигтай ч гэсэн одоо миний тэр санаа улам бүр арилсаар байна.

Би нүцгэн гурван хааны нүүр үзлээ. Тэр болтол сэтгэлд тааламжтай биш!» хэмээн хэлж байжээ.

Өвгөн уур хилэнтэйгээр хэдэн жилийг өнгөрөөгөөд 1898 онд наян гурван насандаа бие баржээ. Бисмарк тушаалаас огцорч, улмаар нас барсан хойно ч гэсэн түүний нөлөө Германд хэвээр, залгамжлагчид нь түүний үзэл санааг баримталсаар байжээ. Гэвч түүний оронд гарч ирэгсэд Бисмаркийг бодвол багахан хүмүүс байжээ.

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~