Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Tuesday, April 12, 2011

Гүрүжи юу айлдав?


Асуулт: Зарим хүмүүс их дээрэлхүү, ихэрхүү зантай байх юмаа, яаж тэднээс тэнгэрлэг чанарыг олж харах вэ? Би их хичээдэг боловч үнэхээр хэцүү юм. Би яах вэ?

Шри Шри: Хэрвээ та кино найруулагч бол... төсөөлөе л дөө, та бол кино найруулагч. Кинонд янз бүрийн дүрүүд бий. Гол дүрийн баатар, муу санаат дүр, туслах дүрүүд, эмэгтэй гол дүр.

Ямар ч үүрэгтэй байсан та муу санаат дүрийг үзэн яддаггүй. Та кино хийж байгаа тохиолдолд эсрэг талын дүр чинь гол дүртэй адил танд маш чухал, тийм биш гэж үү? Үнэн хэрэг дээрээ эсрэг дүрд тоглосон жүжигчин гол дүрийн жүжигчнээс илүү мөнгө авдаг. Учир нь эсрэг дүрийн жүжигчид тэр бүх хэцүү дүрийг, тэр хэцүү зан чанар, дүр төрхийг бүтээдэг. Тиймээс кино найруулагчид эсрэг дүрээ үзэн ядаад, гол дүрийн эрэгтэй эсвэл эмэгтэй баатартаа дурлаад байдаггүй. Үүнээс огт өөр, найруулагч бүгдэд нь адилхан ханддаг. Тэр оролцогч гэдэг утгаар бүгдэд нь яг адилхан хандана.

Үүнтэй адилаар... зарим хүмүүс иготой... зарим нь игогүй... зарим хүмүүс ногоонд дуртай... зарим хүмүүс хатуу, болхи энэ бүх амтыг амт л даа. Тэд бүгд энэ дэлхийд өнгө нэмж байдаг, энэ дэлхийг улам сэтгэл булаам болгож байдаг. Тэд бүгд бие биенийхээ эсрэг, тэсрэгийг бүрдүүлж байдаг. Дээрэлхүү, ихэрхүү, болхи, гөжүүд хүн огт байдаггүй байя гэж бодоё, тэгвэл яаж номхон даруу, төлөв төвшин нэгнийг үнэлж мэдэх вэ. Дээрэлхүү, ихэрхүү хүмүүс төлөв даруу хүмүүсийг төвийлгөн гаргадаг. Үнэн хэрэгтээ дээрэлхүү, ихэрхүү хүмүүс танд ямар их мунхаг байж болохийг харуулж, анхааруулж байдаг. Тэд мунхагыг үзэсгэлэн болгон харуулж байна, мунхагын үзэсгэлэн нь мэдлэгийг танин мэдэхэд, төлөв дарууг хүндлэн сайшаахад маш чухал үүрэгтэй.

Хэн нэгний тэнгэрлэг, бурханлаг чанарыг олж харах гэж битгий чармай. Тэнгэрлэг өөрөө бүхий л шинж чанарыг агуулж байдаг. Та сэтгэлдээ тэнгэрлэг гэдэг нь эелдэг зөөлөн, гоё сайхан нэгэн байдаг гэсэн ойлголтыг бий болгочихоод эелдэг зөөлөн биш нэгнийг нь тэнгэрлэг гэж харж чаддаггүй. Тэнгэрлэг эсрэг тэсрэгээс бүтдэг, учир нь тэнгэрлэг бүхэл бүтэн юм. Тиймээс, дэлхийг тэр чигээр нь тоглоом мэт, жүжиг мэтээр харж бай, тэгвэл та нүүр дүүрэн инээх чадалтай болно.

Асуулт: Гүрүжи, миний игог яах хэрэгтэйг хэлж өгөөч? Миний амьдралд маш их саад болж байна.

Шри Шри: Зүгээр игогоо чанга тэврэн ав. Байж л байг. Яагаад игонд санаа зовоод байгаа юм бэ? Яагаад игоноос салахыг хүсээд байгаа хэрэг вэ? Амьдрах Урлагт заадаг хамгийн эхний хичээл бол хүлээн зөвшөөрөлт. Та юуг хүлээн зөвшөөрөхгүй байна, тэр хүзүүн дээр чинь гарна... таныг зовооно.

Хүлээн зөвшөөр тэгвэл таныг зовоохоо болино. Сэрээд бүхий л орчлон ертөнцийг хар. Цаг хугацаа бол агуу гэдэг бодит үнэнийг сэрж хар. Цаг хугацаа хязгааргүй, үүнийг өөрийнхөө амьдралтай харьцуулаад хар л даа. Таны амьдралын 60, 70, 80 жил цаг хугацааны хязгааргүй далайн хувьд бол ялихгүй өчүүхэн зүйл. Тэгвэл иго гэж юу вэ? Иго хаана байна? Та юу ч биш. Та хэн ч биш, энэ гариг дэлхийн хувьд ч та өчүүхэн зүйл. Энэ дэлхий цаашид байж л байна. 6 тэрбум хүн, 6.5 тэрбум хүн яг л шоргоолж шиг үхээд л ахин төрөөд л. Тэгээд юу гэж? Таны амьдарч байна уу, үхэж байна уу хэнд хамаатай юм бэ... бүх зүйл дууссан. Тэртээ тэргүй ахиад хэдхэн жилийн дотор л бүх зүйл дуусна. Одоо ч байгаль хамгаалагчид анхааруулж байгаа шүү дээ. Энэ дэлхийн төгсгөл 2012, 1013 он гэхэд ирнэ гэж. Тэгвэл энэ гариг дэлхийд ахиад 5 жил л байна. Эрдэмтэд усны түвшин нэмэгдэж байна гэж ярьж байна, далай тэнгисийн усны түвшин дээшилж, дэлхий дээр маш олон улс орон үүний улмаас аюулд өртөж байна. Таны иго хаана байна? Таны иго гэж юу юм бэ?

Сэрээд бүх орчлон ертөнцийг хар л даа. Сэрж чадахааргүй жаахан нойрмог, лазан байгаа бол иготойгоо нөхөрлө. Байж л байг. Өө, Би маш том иготой баймаар байна.Иго байж л байг. Өөрийнхөө хүссэн хэмжээгэр игогоо ихэсгэ. Битгий эсэргүүцэж тэмц. Таныг сэрээд харах үед чинь, иго өөрөө уусан алга болдог. Хэрэв та сэрэхийг хүсэхгүй байгаа бол иготойгоо хамт унт. Өөртөө хадгал, чангахан барь. Үүнд асуудал байхгүй.

Далимд нь хэлэхэд та өөрийгөө иготойгоо байна гэж мэдрээд, игоноос салах гэжхүсэх нь хамаг зовлон бэрхшээлийн эхлэл байдаг. Энгийн бай. Энгийн байгалынхаараа байх нь игоны ерөндөг болдог. Өөрөөр хэлвэл мунхаг гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

Яагаад та мунхаг байж болохгүй гэж? Тэртээ тэргүй та мунхаг. Та оршихуйтайгаа биш, ухамсартай биш бол тэртээ тэргүй л хэн нэгэн таныг мунхаг, тэнэг гэж дуудна. Учир нь танаас илүү ухаантай, цэцэн сэргэлэн хүн байгаа шүү дээ... тэдний нүдээр бол та яасан ч байсан мунхаг л харагдана. Хэрвээ та ухамсартайгаар өөрийнхөө мунхаг гэдгийг хүлээн зөвшөөрвөл таны энэ бэрхшээл аяндаа алга болно.

Би үүнийг хүн бүр амьдралдаа тоглох ёстой чухал дүр гэж боддог. Хэсэг хугацаанд мунхаг болж жүжиглэх... тэгвэл та хэн нэгэн таныг мунхаг гэж дуудахаас айхааргүй болно. Игоны хамгийн том хуяг дуулга бол хэн нэгнээр тэнэг, мунхагаа дуудуулахыг хүсдэггүй явдал. Тэгэхээр та өөрийнхөө нүдээр мунхаг гэдгээ харж чадвал иго ууршчихдаг. Ингээд л боллоо... үгүй бол улам өсөж томроно... хязгааргүй.

Миний бодлоор энэ бол хамгийн шилдэг арга. Өөрийнхөө нүдээр... та сэтгэлдээ, дотроо бол өөрийгөө мунхаг гэдгээ мэддэг хэрнээ түүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй. Огтхон ч зөвшөөрдөггүй. Та өөрийнхөө мунхаг гэдгийг харуулахыг, мэдэгдэхийг хүсдэггүй. Ганцхан өдөр юунаас ч санаа зоволгүйгээр бүтэн тэнэг болж жүжиглээд үз. Тэгвэл таныг өдөр шөнөгүй зовоогоод байгаа энэ игоноосоо чөлөөлөгдсөнөө харах болно. Алиа салбадай бол. Ганц л өдөр, тэгвэл та их энгийн, өөрийнхөөрөө байж чадна. Хаалттай хаалганы цаана алиа салбадай байгаад ямар ч нэмэргүй... гадаа гудамжинд. Алиа салбадай шиг байхыг чинь олон зуун хүн харахаар... тэгээд тэд таныг "Хөөе, тэнэгээ" гэж дуудаг, хүмүүсийн инээдэм, шоглоом бол. Үнэхээр ингэж чадвал та тэр өдрөө ч амар амгаланг олох болно.

Асуулт: Хүндэт Гүрүжи, бусад хүмүүсийн сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөөс өөрийгөө яаж хамгаалах вэ? Би маш их мэдрэмтгий учир бусдын сөрөг сэтгэлийн хөдөлгөөнд их хурдан цочирддог.

Шри Шри: Та өөрөө ийм их эерэг хүн юм чинь ямар ч сөрөг сэтгэлийн хөдөлгөөнтэй тулсан түүнийг нь эерэг болгож хувирга. Битгий ай. Бусдын сөрөг сэтгэлийн хөдлөгөөнөөс бүү ай. Та мэдэхгүй шүү дээ. Сөрөг нөлөө хэзээ ч ирж болно... сэрүүн байхад, зүүдэлж байхад эсвэл бүр унтаж байхад. Гэхдээ унтаж байх үед чинь танд нөлөөлдөггүй, тийм биз дээ? Учир нь та өөрөө мэдэхгүй байна, унтаж байх үед чинь дэлхийн хаанаас ч, ямар ч сөрөг сэтгэлийн хөдөлгөөн ирсэн таныг нэвт гараад явчихна.

Танд сөрөгийг эерэг болгож хувиргах чадвар бий. Та эерэг эсвэл сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөөс хамаагүй илүү. Юу ч таныг хөндөж чадахгүй. Үүл хад чулууг яаж ч чадахгүй шүү дээ. Хад чулуу шиг бай. Харин сэтгэлийн хөдөлгөөн бол үүл, үүлс ирээд хадны оройг зөөлхөн шүргээд л яваад өгдөг. Уулсын орой дахь ямар ч хад асга үүлнээс айж "Өө яанаа, хар үүл ирж байна" эсвэл "Өө, цагаан үүл. Би хайртай" гэж хэлдэггүй. Чанга хатуу бай. Та бол гэрэлтэж буй нар.

Та бол энерги, эрч хүчээр гэрэлтдэг. Сөрөг зүйлс бол үүл, үүлс. Түүнийг ажигла, мэд. Хэн нэгэн уурлаад л өнгөрнө, гэтэл тэр хүний уурласан уур таны сэтгэлд тээглэдэг. Дотор чинь бухимдал, ундууцал бий болж эхэлнэ, үүнийг үүл харж буй мэт ажиглаж хар. Наргиан инээдэм болго, үгүй бол гүнзгий амьсгал аваад 'Хххммммм' гэж хэл. Гэхдээ өдөржин ингэж хэлэхгүй шүү. "Өө, сөрөг энерги ирж байна, алив би хххммммм гэе". Хэнрүү ч харсан хххммммм гээд байх юм бол тэд удахгүй таныг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргэнэ шүү.

Та ажигла... хар. Ингэвэл та сэтгэлийн хөдөлгөөнүүд ирээд хормын дотор л алга болж буйг харах болно. Тэд таныг бүрхэж авч буй мэт санагдвал хоёр, гурван удаа гүнзгий амьсгал аваад гарга, хааяа хххммммм авиаг унш. Сөрөг энерги хувирч өөрчлөгдөж, алга болж буйг та харна. Бусдын сөрөг байдлаас битгий ай.

Асуулт: Би хийж буй үйлдлээ зөв эсэхийг яаж мэдэх вэ? Магадгүй зүгээр хүлээх нь, аливаа юмс өөрсдийн цаг хугацаандаа болохыг хүлээх нь дээр юм болов уу?

Шри Шри: Танд асуулт байна. Бас танд хариулт нь ч байна. Хийж буй үйлдлээ зөв гэдгийг яаж мэдэх вэ? Үр дүнг нь хүлээ. Зарим үр дүн тэр даруйдаа харагддаг. Харин зарим нь... аливаа үр дүн цаг хугацаа нь болохоор харагддаг. Та юуг чухалчлах хэрэгтэй бэ гэхээр таны тухайн зүйлийг хийе гэсэн санаа тань зөв байсан уу гэдгийг харах. Уг санаа зөв бол үйлдэл нь үргэлж шулуун байдаг. Харин уг санаа нь ямар нэг атгаг зүйл агуулсан бол үйлдэл нь хэдийгээр өнгөн дээрээ сайн юм шиг харагдавч сайн үр дүнг өгдөггүй.

Асуулт: Бидний өдөр тутмын амьдралд advaita болон bhakti хоёулаа хэрэгтэй. Бие биетэйгээ зөрчилдаж буй мэт энэ хоёрыг өдөр тутмын амьдралдаа яаж үр дүнтэйгээр хослуулах вэ?

Шри Шри: Амьдрал зөрчил, эсрэг тэсрэгээс бүтдэг... заримдаа та хүйтэн зайрмаг иддэг хэрнээ заримдаа халуун цай уумаар санагдана. Та надаас би яаж хүйтэн зайрмаг болон халуун цайг уух вэ гэж асууж байгаатай адил. Хоёулаа л амьдралын нэг хэсэг. Та хоёуланг нь хүсэж байгаа. Хааяа энэ нь... хааяа тэр нь.

Эсрэг тэсрэг зүйлс байх ёстойгоороо л таны амьдралд байгаа, угаасаа байгаль өөрөө тийм. Атомын төвшинд авч үзвэл ерөөсөө ганц л биет бий, бүхий л орчлон ертөнц тэр чигээрээ ганц л материас үүссэн. Харин молекулын түвшинд бол өөр, хоёрдмол чанартай болоод ирнэ. Молекул бодит үнэн оршдог зүйл. Үүнээс хоёрдмол буюу олон ургалч бас бодит үнэн. Энэ олон зүйлээс эргээд нарийсч гүнрүү нь орвол та ахиад нэг хэвийн, нийтлэг байгаа зүйлийг олно. Тэр бол нэгдэл, атомын төвшин дэхь нэгдэл. Энэ ч бас бодит үнэн зүйл.

Жижиг хэсэг болох атомын нэгдмэл нэг чанар нь бодит үнэн ба молекулын бүтцийн олон ургалч чанар ч бас бодит үнэн. Тэд нэг газар, нэг цаг хугацаанд зэрэгцэн оршиж байна.

Үүнтэй адилаар bhakti буюу хайр, итгэл бишрэл нь ажиглалттай хамт зэрэгцэн оршдог. Энэ бүгд нэг... учир нь bhatki буюу итгэл бишрэл нь үйлдэл биш. Энэ нь сэтгэлийн нэг төлөв, сэтгэлийн хөдөлгөөн ч биш. Bhakti бол аливаа бодьгалын төрөлх мөн чанар. Энэ бол сэтгэлийн хөдөлгөөний оргил бөгөөд төрөлх дүрийн тань мөн чанар. Тиймээс маш олон янзаар, үнэн бодитоор илэрхийлэгддэг боловч хэзээ ч устаж алга болохгүй.

Үнэн хэрэгтээ итгэл бишрэл нь нэгдмэл байдал эсвэл advaita-г огт үгүйсгэдэггүй.

Асуулт: Би зорилгодоо хүрэх урам зориг хаанаас яаж олж авах вэ?

Шри Шри: Юуны өмнө, та өөрийгөө зориггүй ээ гэж бодож байгаа хэрэг үү? Тэгвэл хамгийн түрүүнд та өөртөө юу байгааг мэддэггүйгээ мэд! Та өөртөө байхгүй гэж бодоод, түүнийг бий болгох гэж оролдож буй оролдлого чинь ямар ч нэмэр болохгүй.

Дараагийн зүйл. Танд байгааг та өөрөө мэддэг. Танд урам зориг байгаа хэдий ч хийе гэснээ хийж чаддаггүй. Тэгвэл танд айдас бас байна. Ганцаараа биш гэдгээ мэд. Тэнгэрлэг тантай хамт байгаа... агуу хүч бол таны хамгийн том давуу чанар. Ойлгов уу?

Асуулт: Хэрэв бүх зүйл өөрчлөгдөн хувьсаж байгаа юм бол тэр хүршгүй, хувирашгүй зүйл нь юу юм бэ?

Шри Шри: Бүх зүйл мөнх биш. Энэ бол яг одоо байгаа байдал... үүнийг мэдэж байж л тэр зүйлийг олж мэдэж чадна.

Юмс мөнх биш гэдгийг харахад, мэдэхэд амархан. Тэгээд энэ ойлголт чинь эргэлзээгүй болсон үед юмс мөнх биш, өөрчлөгдөж байна гэдгийг олж харж буй харьцуулах цэгээ хар. Бүх зүйл өөрчлөгдөж байна гэдгийг мэдэхийн тулд тэдгээр юмсыг харьцуулж харж буй нэг хөдөлгөөнгүй цэг байх ёстой. Бүх л зүйлс өөрчлөгддөг юм бол ямар нэг өөрчлөгддөггүй, тонтонги цэг байхаас өөрөөр юмс өөрчлөгддөг гэдгийг мэдэх арга байхгүй. Хэзээ та юмс өөрчлөгддөг гэдгийг ухаарна тэр үедээ дотогшоогоо эргээд нэг өнгий, та ер бусын нэгэн зүйл байгааг олж харна... үнэхээр гайхамшигтай бас хэзээ ч өөрчлөгддөггүй зүйл.

Энэ бол шууд мэдрэх мэдрэмж биш. Ади Шанкара, Адайта философын үндэслэгч, үүнийг апарокшанубути-шууд бус мэдрэмж гэж нэрлэсэн байдаг. Парокша гэдэг нь шууд бус гэсэн үг. Анубути гэдэг нь шууд бус биш мэдрэмж гэсэн үг.

Та үүнийг шууд мэдэрч чадахгүй, шууд бусаар ч бас. Энэ ч биш, тэр нь ч биш. Та бариж авч чадахгүй, бас орхиж хаяж ч болохгүй. Хэн ч хаяж чадахгүй. Тэгсэн хэрнээ хэн ч бариад авч чадахгүй. Тэр зүйл жинхэнэ нууц хэрнээ, бүхий л амьдрал мөн тэр л зүйл.

Хэн ч би амьдралдаа хэзээ ч унтаж байгаагүй гэж хэлж чадахгүй, тэгсэн хэрнээ хэн ч би нойр гэж юу вэ гэдгийг мэднэ гэж хэлж чадахгүй. Та болж өнгөрснөөс туршлагаараа мэддэг, мэдэрдэг хэрнээ бас мэдэхгүй. Нойр гэдэг тэр зүйл... нойрыг бий болгож буй учир шалтгаан, яг унтаж буй тэр үе, таныг нориноос сэрээж буй тэр зүйл энэ бүгд жинхэнэ чи буюу таны төрөлх дүр. Маш нууц зүйл хэрнээ, түүнгүйгээр та оршиж чадахгүй. Түүнгүйгээр амьдрал, тогтнил гэж тэр чигтээ байхгүй хэрнээ хараахан мэдрэгддэггүй бас мэдэгддэггүй.

Мэдлэгээр, ивээл өршөөлөөр л жинхэнэ чи-ийн тухай, төрөлх дүрийнхээ тухай мэдэж болно.

Асуулт: Баярлалаа Гүрүжи, өнөөдөр би таныг инээмсэглээд машинаас бууж байхыгхарсан. Яг тэр мөчид би энэ амьдралыг бас таныг хайрлах маш их хайрыг мэдэрсэн. Цаг ямагт яг үүн шиг мэдрэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

Шри Шри: Тэр мөчүүдийг зүрхэндээ нандигна. Тэр цаг хугацааны төлөө шунаж хүсэх хэрэггүй. Шунаж хүсэх нь улам саад болдог, харин тэр хайр бялхсан мөчүүдээ нандигнах нь илүү үр дүнтэй.

Амьдралд тань хэд хэдэн удаа оч гялалзах мэт, ус оргилох мэт мөчүүд тохиолдно. Усны хаалт тавигдаж, ус оргилж эхлэх тэрхэн мөч үнэхээр гайхалтай сайхан бас маш их чухал байдаг. Хэрэв тэр оргилуур хэдэн цагийн өмнөөс оргилж байсан бол та анзаарах ч үгүй. Үүнтэй адилаар халуун устай ваннд орсон эхний мөчид бие сайхан амарч таашаал авдаг, 5-10 минут байсны дараа тэр мэдрэмж ор сураггүй болно. Ялгааг мэдэрч буй эхний хэдхэн мөч маш их үнэ цэнэтэй шүү. Энэ л мөчүүдийг зүрхэндээ нандигнах хэрэгтэй.

Асуулт: Хүн бие барсны дараа яадаг вэ? Бид үхээд хаачих вэ?

Шри Шри: Энэ асуултыг маргаашд үлдээе.

http://aol-mongolia.blogspot.com/ орчуулсан Багш Болортуяа

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~