Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Saturday, June 25, 2011

Атаархал

Би бас санал нэг байна. Атаархал анхандаа биш ч аажимдаа харилцааны туршд мэдрэгддэг......

С.Цэцэгдэлгэр / 40 настай /
  - Атаархал мэдэгддэггүй гэж ярьдаг. Гэхдээ би л лав надад атаархаж байгааг нь шууд мэдэрдэг. Бүр ойрхон, хамт ажиллаж байгаа хүнээсээ. Яаж мэдэрдэг вэ гэж үү. Нэгдүгээрт, надад байгаа боловч нөгөө хүнд байхгүй тэр зүйл руу хэрхэн шунан зүтгэж байгааг нь харж. Хоёрдугаарт, найз найз гэж сай­хан аашилчихаад, надад ямар нэгэн асуудал тохиолдвол нэг л чимээгүй царайлж, тэр тухай шууд асуухгүй, хөндөж ярихгүй мөртлөө их л анхааралтай ажиг­лаж байгаа нь мэдрэгддэг. Ийнхүү чих тавьж байгаагаас нь, нүүрэнд нь баярласан биш юмаа гэхэд тайвширсан байдал хэрхэн тодорч байгаагаас нь, сэтгэл ханасан төрхнөөс нь би түүнийг надад атаархаж байгааг нь мэддэг. Тэрнийхээр бол би түүнээс ухаан, боловсролоороо дутуу мөртлөө түүнээс илүү сайхан амьдраад байгаа юм. Үүнийг л тэр хүлээн зөвшөөрч чадахгүй атаархаад байгаа хэрэг. Саяхнаас тэр надтай хамт ажиллахаа болиод өөр газар ажилд орсон.

атаархаж байгаа нь яаж мэдрэгдэж байна?
Хов живээр 25 %
Хорлон сүйтгэх замаар 8 %
Харцаар 17 %
Нүүрний хувирлаар 0 %
Шууд үгэн илэрхийллээр 8 %
Мэдэхгүй 42 %
Бусад - Янз бүрийн байдлаар, ам дамжсан яриагаар
Хорвоо дээр хүн байж, амьдрал үргэлжилж л бай­гаа цагт атаархал байх нь гарцаагүй. Гэхдээ атаач зан эхээс төрж байгаа улаан нялзрайн зүрхэнд хамт төрдөг гэвэл худлаа. Харин хүн хорвоогийн өнгө будгийг мэдэрч эхлэх, өөрөөр хэлбэл ухаан орох тэр үеэс л хүний сэтгэлд атаач зан соёолж эхэлдэг. Хэл, хөлд ороогүй жаахан хүүхэд ээжийн мөөм, аавын хайрыг харам­лаж, хэн нэгнийг /ах, дүүгээ ч юм уу/ хөөж тууж, уйлж дуулах авираар атаархал эхэлдэг байна.

Атаархал дандаа чимээгүй байдаг
  Хүний сэтгэлийн олон олон өнгө будгийн нэг атаархал гэгч хүүхэд насанд ил цагаан байснаа он жил улирч, нас ахихын хэрээр чимээгүй, далд хэлбэрт шилждэг байна. Нүдэнд үл үзэгдэж, чихэнд үл сонсогдом тийм нууцлаг, чимээ аниргүйхэн суунаглах утаа шиг. Ийм атаархал хамгийн хортой. Аймаар нь атаархал чимээ­гүй, нууц явагддаг болохоор атаар­хуулж байгаа хүн мэдэхээсээ мэдэхгүй нь их. Атаархагч ч заримдаа өөрийнхөө атаархаад байгааг мэддэггүй. Атаархал гэдэг хүний сэтгэлд ухамсартайгаар төрдөг зүйл биш. Харин сэтгэлд нэгэнт л атаа төрсөн бол түүнийг ухамсартайгаар залж чиглүүлэхгүй бол юунд ч хүргэж мэднэ. Хүмүүс хэрэг болгон онцлон бодож, ач холбогдол өгч дүгнэж цэгнэдэггүй атаархал гэгчийг тоолгүй яваад байх юм бол буглаж бугшаад, тарих хор уршиг нь улам илүү, улам аймшигтай болно. Харин монголчууд бид энэ тухай тусгайлан бодож тунгаах цаг зав гаргаж байсангүй, ер нь сэтгэлийн олон үзэгдлээс ялгаж салган ойлгож ч чадалгүй, хүссэн ч үгүй өнөөг хүрч. Тиймээс атаархал бол муухай гэсэн нэг л бүдүүн тоймын ойлголтоос өөр зүйлгүй, өөрийнхөө сэтгэлд атаа үүсч, бүр байж ядуулахгүй л бол өөрт нь хэн атаархаж, түүнээс юу үүсч болохыг таамаглах ч үгүй явсаар.

Атаархлын тойрог

Олон хүн ингэж боддог. Атаархлын тухай мэдэхийг ч хүсдэггүй. Гэтэл яг үнэндээ хүн гэдэг амьтан өөрийгөө судалж, өөрт болон бусдад байдаг элдэв зан чанарыг мэдэрч, хэрэгтэйг нь усалж тордож, хэрэггүй, хор уршиг тарьж болзошгүйгээс нь өөрийгөө хамгаалж, аварч байх учиртай юм. Тиймээс ч англи хэлэнд “Атаархлын тойрог” гэсэн үг байдаг.
  Энэ нь энгийнээр хүн хэн нэгэнтэй хэт ойртон дотносох, өөрөөр хэлбэл хэтэрхий нялганах дэмий гэсэн үг юм. “Хамгийн сайн найз хамгийн том дайсан байдаг” гэсэн үгтэй л агуулга нэг юм даа. Хэн нэгэнд өөрөөсөө дутуугүй итгэж, хамаг долоон булчирхайгаа тоочиж, бизнесийн болон аливаа бүхнээ даатган орхих нь нэг л өдөр өөрийн чинь эсрэг дайрах өвч зэвсэг болуузай гэсэн сануулга юм. Амьдрал дунд ийм зүйл захаас аваад байдаг болохоор хүн өөрийгөө тойруулж үл үзэгдэгч тойрог зурах нь л дээр дээ гэж байгаа хэрэг. Олон хүн “Надад хүмүүс атаархана уу, байна уу, ер нь юу ч гэж бодож байсан хамаагүй” гээд яваад байдаг. Гэтэл өнөө үл үзэгдэгч айхавтар хорт утаа таныг хэдийнэ чиглээд, нэг л өдөр амьдралд тань, үгүй ядахдаа сэтгэл зүйд тань балаг тарьж магадгүй.

Хэнд хэн атаархдаг вэ
 Атаархалд үүсэх хөрс суурь гэж бий. Хүн өөрт байхгүй, дутуу, хүрч чадахгүй зүйл нь хэн нэгэнд байвал атаархдаг. Гэхдээ атаархуулж байгаа хүн нь хаа хол, таньж мэдэхгүй, зурагтаар л зүсийг нь харж байдаг хүн биш. Өөрөөр хэлбэл атаархагч яг дэргэд тань, хамар доор тань байдаг гэсэн үг. Ингээд хэлчихээр та хамт ажиллаж байгаа, эсвэл найз нөхдийнхөө хэн нэгнийг хардах хэрэггүй. Гэхдээ л олон жилийн сэтгэл судлалын үндсэн дээр хүн гэдэг амьтан хамгийн ойр байгаа, тэгэхдээ өөртэйгээ ижил түвшний амьдралын шугаман дээр байгаа хүнд атаархах нь олон гэдгийг баталжээ.   Хог түүж амьдардаг Бат, Их хурлын эрхэм гишүүнд атаархахгүй. Атаархлаа гээд яахав чааваас, их л бодож хараана биз. Тэр харин цуг хог түүж явахдаа арай дээр хүрэм олоод өмсчихсөн Дондогт атаархвал мэдээж аюултай. Юу ч хийж магадгүй. Үүн шигээр зиндаа зиндаагаараа, хүрээ, хүрээндээ атаархалцдаг байна.

Атаархал амар заяа үзүүлдэггүй
 Атаач сэтгэлд идэгдсэн хүн өөрөө амар заяа үздэггүй. Атаарх­лыг нь төрүүлээд байгаа хүнээ үзэн ядаж, үргэлж сэтгэлдээ бухимдаж, шаналж байдаг гэнэ. Атаар­хагч нөгөө хүнээсээ аль болох зай барьж, тэгэх­дээ хамаг мэдрэл, сонс­­гол нь түүний зүг анхаарч бай­даг. Атаархуулаад байгаа хүнээ бүтэлгүйтэж, дорой­тож, унаж мөхөхийг нь үзэх гэж тэр. Хэрэв түүний хүссэнээр атаархлыг нь төрүүлээд байсан хүн өвдөж, эсвэл золгүй явдалд өртөх юм бол атаархагч хамгийн түрүүнд, сайн найзын дүр эсгэн гүйж очно. Үнэхээр өвдсөн, золгүй байдалд орсныг нь нүдээр харж, өөрийгөө тайвшруулах гэж шүү дээ. Амьдрал дунд ийм дүр зураг зөндөө. / Гэхдээ уншигч та үүнийг уншаад бэрхшээл зовлон тохиолдсон үед хамгийн түрүүн гүйгээд ирдэг нөхрөө атаархагч гэж шууд хардахгүй байх /.
  Хүн бүр атаархлын тухай тухайлан бодож, мэдэрч чаддаг­гүйгээс биш дээрх шиг атаархагч таны хаа нэгтээ отоод сууж л байдаг гэнэ. Эдгэшгүй өвчин туссан хүн эрүүл, цовоо хүнийг өөртэйгээ адилхан өвдөөсэй гэж хүсдэг гэдэг шүү дээ. Үүнийг ДОХ туссан хүн санаатайгаар түүнээ тараасан жишээгээр баталж болох юм. атаархлын донд автсан хүн эсрэг этгээддээ гарз хохирол учруулахыг хүсэхдээ түүнийг хамтдаа амсахад ч бэлэн байдаг гэнэ.
Атаархуулж амьдрах сайхан

Хүмүүс “Ёстой атаархтал нь сайхан амьдарна даа” гэдэг. Сайхан бүсгүйг “Атаархмаар сайхан амьтан байна” гэлцэх нь бий. Бусдын атаархлыг төрүү­лэм сайхан төрөх, өрөөлийн харц унаж, атаархал хөдлөм сай­хан харагдах, атаархтал ажиллаж, амьдарч явах сайхан байлгүй яахав. Бусдаас ямар нэгэн юмаараа илүү, гялалзаж яваа хүн л бусдын атаархлыг төрүүлдэг. Залуу нас, цог золбоо, гоо үзэсгэлэн, амжилт бүтээл, аз жаргалтай амьдрал гээд өөдрөг бүтэмжтэй бүхэн атаархал дагуулж байдаг.
  Атаархуулж амьдрах сайхаан. Гэхдээ атаархуулж явах үедээ амьдралын зөв зохицуулдаг л байх хэрэгтэй. Олны харц татсан сайхан бүсгүй залуу халуун насандаа гайхуулж, гялбуулж, олон эр сольж явсаар нэг л өдөр гоо үзэсгэлэн ч үгүй, нэр төр ч үгүй, тогтсон амьдрал ч үгүй шалдаа буусны жишээ олон бий. Энэ бол хэтэрхий эрдэж, сайн муугийн тэнцвэр барьж чадаа­гүйнх, атаархлын тойроггүй явс­ных.

Атаархлыг ярилцан ойлголцож болох уу
  Бараг л худлаа даа. Хамгийн гол нь атаархал өөрөө чимээгүй, нууцлаг болохоор зарим тохиол­долд сэтгэлдээ атаархал агуулсан эзэн хүн ч өөрөө өөрөөсөө нуух нь холгүй явдаг. Хүн өөрт нь атаархаад байгааг сэтгэлдээ мэдэрч, засч залруулах санаатай “Чи надад атаархаад байна аа даа…” гээд хэлчихвэл юу болох бол? Уг нь хүмүүс аливаа асуудлыг эрүүл саруулаар ярил­цаж, ойлголцож, нэг тийш нь болгож болдог доо.
Атаархал соёл иргэншлийн толинд
  Хүн төрөлхтөн оршин байх хамгийн зөв бөгөөд таатай нөхцөлөө суурин амьдрал гэж үзсэн. Суурин амьдралыг нэгэнт сонгосон хүмүүс өөрсдийн амьдрах орчноо тавлаг, таатай байл­га­хын тулд чадах бүхнээ хийсээр ирлээ. Элбэг дэлбэг, сайн сайхан нийгмийг бүтээхийн тулд олноороо нийлж, “Олны хүч оломгүй далай” гэдэг үгийг хэрэгжүүлж, хамтарч бүтээж, хамтдаа үр шимийг нь хүртэж байна. Амьдралаас сайхныг нь мэдрэхийн тулд зайлшгүй чиний дэргэд хэн нэгэн байх ёстой. Ганцаараа түүнийг мэдрээд урам­гүй шүү дээ. Тиймээс л хүмүүс хамтарч амьдарч, хамтарч сурч байна. Гэтэл АТААРХАЛ гэж бидний сэтгэлийн гүнд байдаг энэ үзэгдлийг авч хэлэлцэхгүй, тоохгүй, зоргоор нь тавиад байх юм бол хамтаар амьдарч, хамтаар бүтээх бүхэнд саад тотгор учирсаар байх болно. Бүтээлч байдлыг үгүйсгэдэг, хэтрээд ирэхээрээ ямар ч муу зүйл хийх шийдвэр гаргуулж дөнгөдөг, харин жор хэмжээ нь таарсан үедээ амжилт бүтээл, сайн сайханд хүргэж байдаг атаархал гэгчийн тухай эргэцүүлж нэг бодох цаг болсоон.
  Атаархалд хандах хүмүүсийн хандлагын хамгийн буруу нь үүнийг мэдрэхгүй, тоохгүй, нүдээ аниад өнгөрөөе гэх бодол. Хүн хэчнээн нүдээ аниад, чихээ бөглөөд суусан ч атаархал хажуу­гаар чинь өнгөрөөд өөр хүнд очоод наалдахгүй. Мэргэн бууч анаж онилсон хүнээ биш зам зуурын хүнийг бууддаггүй шүү дээ. Тиймээс атаархлаас зугтаад асуудлыг шийдэхгүй. Иргэншсэн нийгэм рүү цаг алдалгүй хүрэхийн тулд монголчууд бид хүнд, энэ амьдралд байдаг бүхнийг нээлттэй ярилцаж, зөв гольдролд нь оруулах л учиртай.

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~