Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Saturday, September 14, 2013

Моцартын амьдрал

4 настай хөгжмийн зохиолч
Моцартын аавынх долоон хүүхэдтэй байснаас тав нь эндэж охин хүү хоёр үлджээ. Тэд хоёулаа хөгжмийн гайхамшигтай авъяастай. Хүүхдүүдээ сайн хүн болгож хүмүүжүүлэх нь эцэг Леопольд Моцартынх нь амьдарлын гол зорилго байв. Эрдэм номыг эрхэмлэдэг сайн хийлч тэрээр хотынхоо найрал хөгжимд ажилладаг. Вольфганг эдний бага нь. Тэрээр гуван настайгаасаа л хөгжимтэй найзалжээ. Гэртээ клавесины товчлуур дарж өнжинө. Тэгж байхдаа зөв зүй тогтол бүхий авиа олчих юм бол учиргүй баярлан инээх. Мөн эгчийнхээ хөгжим давтаж байгааг харах дуртай, бас дуурайна. Хүү нь ингэж хөгжимд туйлын ихээр татагдаж байсныг анзаарсан эцэг нь тав хүрмэгц нь хөгжмийн хичээл зааж эхэлжээ. Жижиг хэмжээний зохиолуудыг ердөө хагас цагын дотор цээжилчихнэ. Эргэн тойрондоо болж буй зүйлүүдийг хөгжимөөр зүрсэлж эхэлснийг аав нь бичиж тэмдэглэдэг байж л дээ. Дөрөвтэйдөө нөг удаа аавыгаа эзгүй хойгуур зохиосон “бүтээлээ” өөрөө тэмдэглэхээр шийджээ. Гэрт нь байсан нотнуудаас нэгийг баллаж арилгаад клавесинд зориулсан өөрийнхөө концертыг бичих санаа төрж хирэндээ хичээжээ. Хуудсыг бэхээр будаж гаргахын аргагүй болгочихсон байсан тул эцэг нь “Нот ямар их хэрэгтэй эд билээ. Хөгжимчид энийг тоглож сурах гэж ямар их хугацаа, хүч хөдөлмөр зардаг билээ, чи яаж байгаа чинь энэ вэ” гэж зэмлэжээ. Тэгэхэд нь хүү хээв нэг “Ямар ч концертыг сурах гэж уддаг шүү дээ” гэж байх юм гэнэ. Гайхалтай нь түүний замбараагүй тэр бичвэрээс зохиолын утга санаа, эмх цэгц, мэдрэмж тун анзаарагдам байсныг эцэг нь олж харжээ.
Бондгор хацартай, гэрэлтсэн харц бүхий том нүдтэй энэ жаал их сэрэглэн хүүхэд байжээ. Юм бүрийг сонирхоно. Тоо нүдэлж эхэлмэгцээ ширээ сандал бүр шалаар хүртэл баахан тоо биччихнэ. Зургаатайдаа клавесын хөгжмийг төрөлхийн юм шиг эзэмшсэн байв. Бас бараг бие даагаад хийл тоглоод сурчихсан. Мөн органик ч сайн тоглож байлаа. Энэ мөчөөс эхлэн эцэг нь хүүгийнхээ ирээдүйг хэрхэн залах талаар нухацтай бодож эхлэв. Юуны өмнө хөгжмийн ер бусын авъяастай болохыг нь олон түмэнд мэдэгдэх, гайхуулахаас бүхнийг эхлэх нь зүйтэй гэж тэр үзжээ.
Эднийх суурьшиж байсан Зальцбург хот бол Авсрийн жижигхэн хотуудын нэг. Уул ус жигдэрсэн, уран гоё эртний барилга бүхий модон цэцэрлэгтэй. Тус улсын хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг байлаа. Хэдийн их сургууль хүртэл их сургууль байгуулагдсан хэдий ч оюуны бүтээлийг төдийлөн өндөрт тавьдаггүй энэ хотоос арай өөр газар Вольфгангийн гоц авъяасыг дэлгэн харуулах хэрэгтэй байлаа. Эгч нь чадамгай хөгжимчин байсан болохоор аав, охин, хүү гурав хамтарч маш сайн тоглолтын хөтөлбөр бэлтгэсэн байв

Вена дахь сэнсаац
1762 оны намар Леополд Моцарт гэр бүлээ аваад Венийг зорижээ. Хөгжмийг хэзээд тэргүүн зэрэг тавьдаг энэ хотынхон. Хүүхдүүдийнх нь авъяас чадварыг үнэлнэ гэж тэрээр тооцоолсон байв. Үнэхээр ч тэд очингуутаа сэнсаац (шуугиан) дэгдээх нь тэр. Гайхамшигтай бяцхан жаалын тухай яриа түргэн зуур дээдсийн хүрээлэнд хүрч тэд хааны ордонд уригдав. Ордныхон хоёр долоо хоногийн турш хүүхдүүдийг тоглуулж зугаацжээ. Эгч, дүү хоёр янз бүрийн тоглолт үзүүлж байлаа. Нэг нэгээрээ, дөрвөн гараар, өгсөн сэдвийн дагуу импровисаци хийх, бусдын бүтээлийг нотноос шууд харж унших, Вольфганг нүдээ боож байгаад тоглох гэгчлэн.
Ингэхдээ тэр ямар ч алдаагүй, яг л Вертуоз хөгжимчидийн дайнд тоглож байжээ. Багачууд хүмүүсийг цочирдуулж орхижээ. Хүн бүр тэдний тухай хэлэх сайн үг олж ядаж байж. Вольфганг магтаал, бэлэг сэлтэд умбаж эхэлсэн бөгөөд эндээс түүний европын олон оронд тоглосон аялал эхэлжээ. Эцэг нь хүүгийнхээ ирээдүйн сайн сайханы төлөө эртнээс ажиллахын тулд нэгэнт үүссэн сенсаацыг ашиглах хэрэгтэй гэж бодсноос ийн яаравчилж хөдлөв.

Гайхамшиг
Герман, Франц, Англи, Голланд, Швецарь улсуудад гурван жилийн турш хийсэн аялал үнэн хэрэгтээ жаал хүүгийн хувьд насанд нь ахадсан маш хүнд хөдөлмөр байжээ.
7 настайдаа Парисийг донсолгов
Моцартын гэр бүл Зальцбургээс 1763 оны 6 сард гарч дайрч өнгөрсөн том, жижиг хотод тоглолт хийж явсаар Парист 11 сард ирсэн байна. Харсан хүн бүр хүүхдүүдийг өхөөрдөнө. Гаднах төрх нь өөрийн эрхгүй нүд булаам. Тэд Австийн хатан хааны бэлэглэсэн алтан чимэгтэй дээдсийнхний загварын хулцас даашинз өмсч, будаж гоёсон хиймэл үс тавьсан байх нь яг л тоглоом шиг. Тэдний тоглолт бүр үзэгчидээр дүүрэн. 1764 оны Парис бүхэлдээ Моцартаар амьсгалж байв. Шинэ жилийн баяраар тэд эзэн хааны хамгийн хүндтэй зочидын нэг байлаа.
Хүүхдүүдийнхээ амжилтад урамшсан эцэг нь Лондонг чиглэв. Тэд тэнд жил хэртэй амьдарчээ. Эндэхийн үзэгчид бяцхал гайхалуудын тоглолтоос уйдахгүй болохоор тэр. Жилийн хугацаанд Вольфганг илүү их зүйл суралцав. Аав нь Итали дуурь байнга үзүүлнэ. Лондонгийн театрын алдарт дуучидын нэг Манцуоли жаахан Моцарттай хамтарч хичээллэж байж. Мөн хөгжмийн зохиолч Иоганн Кристьян Бах (И.С.Бахын хүү) жаал хүүтэй уулзсан нь түүний оюун санааны хөгжилд маш чухал нөлөө үзүүлжээ. Тэрээр Вольфгангтай олон цагаар цуг байж, хамтарч тоглодог байв. Энэ гучин настай залуугийн амьдралыг үзэх өөдрөг үзэл Моцартын хүүхэд ахуй насны уран бүтээлийн өнгө төрх болж байжээ. Лондонд очсон тэр үеэс жаалхүү хөгжим тоглохоосоо илүү зохиохыг илүү таашаах болж тоглолтоос тоглолт хүртэлх хугацаанд тэр огт зүгээр байдаггүй. Зохиол бичиж суух болов. Парист байхдаа дөрвөн сонаттай болсон байсан бол энд ирснээс хойш олныг нэмжээ. Тэр зөвхөн клавесин, хийлд биш, бусад олон төрлийг оролцуулсан хэлбэрээр зохиож эхэлжээ. Тэр бүү хэл огт санаандгүй анхны симфонио гаргачихаж. Ааваасаа оркестрт яаж бичдэг тухай яриан дундаа асууж байсны дараахан эцэг нь өвдчихөж. Бие нь муу байхад элдэв юм асуугаад яах вэ гэж бодсон хүү бүх юмыг өөрөө хийсээр байгаад хүү бүхэл бүтэн симфони биччихэв. Анхны том хэмжээний энэ бүтээлийг нь тун удалгүй олны хүртээл болгожээ. Ийнхүү тэр Лондонд ирэхдээ тэр вертуоз тоглооч л байсан бол харин буцахдаа хөгжмийн зохиолч болчихсон байв. Тэр аяллын дүнд Европчуудаас “XVIII зууны гайхамшиг” гэсэн өргөмжлөл хүртжээ.

Анхны том даалгавар
Тэд дараа нь Голландад 9 сар болоод Зальцбургэд гэртээ ирэв. Гурван жил болоод ирэхдээ тэд бүгд төрөлх нутаг өөрийн гэрээс илүү элгэмсэг дулаан орчин байдаггүй болохыг мэдэрчээ. Хөршүүд нь жаалхүүг ихэд сонирхож угтав. Гэтэл дэлхийд нэрээ мандуулсан Моцарт байдгаараа байж сууж ядсан хэвээрээ. Үеийнхэнтэйгээ хөөцөлдөж өнөөх л гудамжны тоглоомуудаараа тонглож гарч. Гэртээ болохоор нохойтойгоо ноцолдоно. Гэхдээ энэ хөөрцөглөсөн байдал удалгүй намжив. Хөгжимд бүх анхаарлаа төвлөрүүлснээс болоод хүүгийн ерөнхий эрдэмийн боловсрол хоцрогдож байгааг мэдэж байсан эцэг нь түүнд өөрөө хичээл заах болов. Тоо бодлого, эх хэл, түүх, газар зүй гэхчлэн орно.
Гайхамшигт жаалыг Зальцбургийн найрал хөгжмийн дарга сонирхох болов. Тэрээр 10 настай Моцартад баярын ораторийн (найрал хөгжим, найрал дуу, гоцлол оролцсон том хэмжээний бүтээл концертийн бүтээл) нэгдүгээр хэсгийг бичих даалгавар өгчээ. Үлдсэн хэсгийг нь өөр хөгжмийн зохиолчид бичих учиртай. өнөөх дарга Моцартад аав нь туслах вий гэхээс болгоомжилж өөрийнхөө гэрт долоо хоног байлгав. Жаалхүү туршилтийг нэр хүндтэйгээр даван гарчээ. Зальцбургийн мастеруудтай хамтарч бүтээсэн энэ зохиол нь тоглогдсоноор жаахан Моцарт нутгийнханыхаа шүтээн болов. Энэ бол хөгжмийн зохиолч Моцартад албан ёсоор өгсөн анхны том даалгавар байв.

Хөгжимчид атаархаж эхлэв
Вольфганг үзэгчидийг хуйлруулсан хамгийн нэр хүндтэй хөгжимчин болсон тэр үеээс эцгийнх нь санаа зовж эхлэв. Учир нь зарим хөгжимчид түүнд талархах биш атаархаж гадуурхах аясаар хандах болж. Леополд 1767 оны намар хүү, охин хоёроо хуримын ёслолд тоглуулахаар дахин Венад очив. Гэвч тус хотод халдварт өвчин дэлгэрснээс болоод концерт нь болсонгүй. Хүүхдүүд ч бас өвдөж, Вольфганг бүр 9 өдрийн турш хараагүй байжээ. Энэ мэт шалтгаанаас болоод Моцартынхан тоглолтоор маруухан байсан ч маш том олзтой. Венийн ордны театрын захирал Итали хошин дуурь(хөгжмийн театр гэж ойлгож болно. Хөгжим, дуу, бүжиг оролцсон жүжиг хэлбэрийн урлагийн төрөл. Н.Жарцанноров хураангуй тайлбар тольдоо: хөгжмийн жүжиглэнд зориулсан нийлмэл цогц урлагийн төрөл. XVI-XVII зуунд Италид анх бий болсон. Дуурь, хошин дуурь, инээдмийн наргиант гэх мэт төрөл байхаас гадна агуулгаар уянгын, драмлаг, баатарлаг, туульсын гэх мэт бий. Бас хүүхдийн, цөөхүүл гэж ялгана. Дуурьд удиртгал, бүлэг, үзэгдэл, завсарлага, эхлэл, төгсгөл, бодрол, хоёрол, гурвал, цөөхүүл,найрал дуу зэрэг дуулаачын ихэнх төрөл багтана гэжээ. ) бичихийг даалгажээ. Эзэн хаанд зориулах уг дуурийг бэлэн болмогц тайзнаа тавих учиртай байлаа. Энэ санал эцэг Моцартын хувьд мөрөөдөл нь байлаа. Жөтөөрхсөн хөгжимчдийн хорсолд ямар нэг давуу байдлаар хариу өгөх шаардлагатай байсан үед нэр хүндтэй ийм ажил олдсон нь хүүгийн авъяас чадалыг товойлгох сайхан боломж.
Арван хоёр настай хөгжмийн зохиолч захиалгийг тун амжилттай гүйцэтгэж “Хуурамч эзэгтэй” хэмээх дууриа хүлээлгэж өгсөн ч түүнийг театрын захирга тайзнаа тавьсангүй. Учир нь энэ бүтээл Венийн мэргэжлийн хөгжмийн зохиолчидын ширүүн эсэргүүцэлтэй тулгарчээ. Дуурийн их мастер Глюкийн айлдаж байсан “хүүхэд хичнээн авъяастай байсан ч дуурь бүтээх түвшинд сэтгэлгээ нь бүх талаар дутмаг байна” гэсэн зарчимыг үндэслэж Вольфгангийн дуурийг тоглуулахгүй байхыг шаарджээ. Дуурийн нэр хүндтэй дуучид нь хүртэл анх эгдүүцэн хүлээж авч байснаа явцын дунд шинэ санаа, шийдэл олонтой өвөрмөц бүтээл болсныг нь сайшааж хамтарч ажиллан бэлэн болгочихоод байж. Тэгсээр байтал өөрсдийнх нь дархлагдсан нэр төр, байр суурь ганхахаас болгоомжилсон хэсэг хөгжмийн зохиолчидын явуулгаар бяцхан маэсртогийн(хөгжимчин, удирдаач хүнийг дууддаг хүндэтгэлийн нэр) анхны дуурь “мэндэлсэнгүй”. Учир явдалын талаар эзэн хаанд өргөмжилсөн ч дэмжлэг авч чадалгүй өнгөрчээ. Гэсэн ч энэ шуугиан урлагийн ертөнцийнхөний дунд салхи мэт хурдан тарснаар жаахан хөгжмийн зохиолч өөрсдийгөө мэргэжлийн хэмээн өргөмжилж цээжээ дэлдэгчидийн толгой дээр цахиур хагалсантай адил юм болов.
Дуурь тавигдаагүй нь эцэг хүү хоёрын хувьд маш том цохилт болов. Зүтгэл, сэтгэл талаар болсны зэрэгцээ хувиасаа гаргасан хөрөнгөө ч нөхөж олж чадсангүй. Байдал ийн хүндрээд байтал бас нэгэн санал ирэв. Венийн нэр хүнд бүхий нэгэн эмч гэр бүлийнхээ театрт зохиулж богино хэмжээний дуурь бичиж өгөхийг хүсчээ. Бүх талаар бэлтгэгдчихсэн байсан Вольфганг тэр дор нь л хийгээд өгч. Энэ дуурийн нэр “Бастьен, Бастьенна хоёр”. Дурлалт хос маргаж муудалцан эргээд ихэд сэтгэл хөдлөм байдлаар эвлэрч байгаа тухай өгүүлдэг энэ дуурь немц үндэсний анхний дуурийн бүтээл болжээ.
“Бастьен, Бастьенна хоёр”-оос хойш Венад өнгөрүүлсэн хэдэн сарын турш тэрээр өөрийгөө симфонийн төрөлд сорив. Гурван симфони бичсэн нь бага байхдаа Лондонд хийсэн бүтээлүүдээс нь хавьгүй сайн болсон байлаа. Буцахынхаа өмнө тэрээр өнчин хүүхэд асрах газрын нээлтэд эзэн хааныг угтах хүндэтгэлийн хөгжим бичсэн нь тэр хавьдаа шуугиан тарив. Венийн сонинынхон Вольфгангийг сод авъяастан болохыг зарлан тунхаглаж байв.
Вольфганг Зальцбургтээ ирэв. Дуурь нь бүтэлгүйтснийг мэдэж байсан найрал хөгжмийн дарга тэдэнд сэтгэлийн дэм болгож “Хуурамч эзэгтэй”-г өөрсдийнхөө хүчээр эндээ тавьбал ямар вэ гэсний дагуу тоглуулж л дээ. Чадвар дутмаг уран бүтээлчидийн хүрээнд тавьсан дуурь зохиогчидын санаанд хүрээгүй ч даргын сэтгэлдэл тун өндөр. Тэрээр хэд хоногийн дараа Вольфгангийг найрал хөгжмийн концертмейстерийн (тэргүүн хөгжимчин. Найрал хөгжмийн нэгдүгээр хийлч, заримдаа удирдаачыг оролно. Мөн дуучин, хөгжимчин, бүжигчинтэй хамтран хөгжимдөгч төгөлдөр хуурч) албанд томилжээ. Тэр үеэс залуу зохиолч хөгжмийн бүтээлүүдийг дээр дээрээс нь “үйлдвэрлэж” гарав. Үлээвэр хөгжимд, найрал дуунд гээд хэдэн араваар нь бичиж. Зальцбургийн шинэ жилийн наадамд зориулсан менуэтийн (товшлох бүжиг) тоо л гэхэд 49 болжээ. Энэ үед бичсэн 3 концерт сюит (чуулбар зохиол) нь Австрийн өмнөд хэсэгт тэр дороо л алдаршжээ.

Итали дахь амжилт
Вольфганг битүүхэндээ холыг зорьж байлаа. Жижигхэн хотын багахан найрал хөгжимд алба хаших нь түүний хувьд хангалтгүй байв. Тэрээр оюун тархиндаа багтаж ядаж байгаа хөгжмийг бүгдийг нь гаргаж дэлгэх, тэр хэрээр нэр хүндтэй сайн ажил хийж, байр сууриа бэхжүүлэн, амьдралаа баталгаатай болгохыг зорьж байлаа. Ялангуяа эцгийнх нь хамгийн ихээр санаа зовж байсан зүйл энэ.
Моцарт аавтайгаа 1769 оны 12 сард алсын аянд гарав. Замд гараад долоо хоногийн дараа тэр анхны тоглолтоо зарлахад үзэгчид зөрж гарах зайгүй шавсан байлаа. Найрал дуучиддаа дөхөж очих аргагүйд хүрэхэд нь хэд хэдэн хүдэр эрс тусалж зам гаргаж өгч байж. Дараахан нь Веронд ч мөн адаил үзэгчид тойрон бүчиж байв. Тэд дараа оны 3 сард Италийн хөгжмийн соёлын том төв Болонь хотод ирэв. Тус хотын хөгжмийн академийн гишүүдийн дунд алдарт падре Мартини (Франц хувраг. Европод нэрд гарсан хөгжмийн зохиолч, сүмийн болон дан хөгжмийн аль алинаар нь бичдэг .) байсан бөгөөд жаалхүү түүний зүрх сэтгэлийг бүрэн эзэмдэж орхив. Мөн Флоренц, Ром, Неапольд тоглосон нь түүнийг улам бүр алдаршуулав. Залуу хөгжмийн зохиолч тус орны соёл урлагийн амьдралтай танилцаж явлаа. Түүхийн дурсгалт газарууд, музей, уран зурагийн галларей үзэв. Олон ч дуучидыг сонсч, тэдний манерыг анзаарна. Дуурийн театрт байнга очино. Энэ бүхнээс түүнд Меланий тухай дуурь бичих санаа төрсөн ч гэдэг.
Моцарт гоц гойд ойл тогтоолтой хүн байв. Ромын сикстиний алдарт сүмийн найрал дуучид хөгжмийн зохиолч Грегорио Аллегрийн олон хоолойн дууг маш гоё дуулдагаараа алдартай, үүгээрээ ч их лолон хүн татдаг газар байж. Есөн хоолойгоор өргөж төгсдөг хоёр хоорт зориулж бичсэн энэ бүтээлийг жилдээ хоёр удаа л сонсох боломжтой бөгөөд нотны гар бичмэлийг хэнд ч үзүүлдэггүй байж. Гэтэл Вольфганг түүнийг ганц уда сонсоод л партетурыг (найрал хөгжмийн зэмсэг тус бүрт хувиарилж бичсэн эх зохиол) цээжээр бичиж орхиж. Эх бичвэрээс нь ялгахын аргүй хийсэн чадварыг нь биширсэн хамба ламтан залуу хөгжмийн зохиолчыг хамгийн хүндтэй одонгоороо шагнажээ. Энэ хүндэтгэлийг Австрийн хөгжмийн зохиолчдоос зөвхөн Кристофер Глюк л хүртээд байж.
Нэр алдар нь европын орнуудаар цуурайтаж эхэлсэн 14 настай Моцартыг Болонийн хөгжмийн академи гишүүнээрээ сонгожээ. Мөн оны 12 сард “Митридат, Понтийский эзэн хаан” дуурь нь Меланд тавигджээ. Эхний гурван тоглолтийг Вольфганг өөрөө клавесины араас удирдаж тоглуулсан нь ер бусын байв. Ари (дуурийн гол дүрийн бодол дуу) бүрийн төгсгөлд “бяцхан маестро мандтугай” гэж хашгиралдах сонстоно. Энэ амжилтыг италийн хөгжмийн зохиолчид мөн л хоёр жилийн өмнөх Австрийнхантай адал үгүйсгэж хүлээж авав. Хүүхэд, тэр дундаа гадаадын хүн итали дуурийн дэг жаягыг эвдэх нь гэж шуугилдаж гарав. Тэгсэн ч энэ үеэр Веронийн фелармонийн академи Моцартыг мөн гишүүнээ болголоо.
Ийн унтах завгүй ажилласны дараа Моцарт эцэгтэйгээ түр хугацаанд амрахаар шийджээ. Тэд урилгатай газар бүрээ гүйцээж тоглолт хийж байв. Ингэж явахдаа өндөр шагналтай хэд хэдэн дуурийн захиалга авсан байлаа. Үүнтэй зэрэгцээд Австрийн хатан хаан хуриманд зориулсан театрчилсан серенада (хандал дуу) захиалсан байлаа. Бүх ажилаа дарааллан амжилттай хийж дуусгав. Хатан хаан шагналын зэрэгцээ өөрийнхөө дүр бүхий алтан цаг бэлэглэж гүн хүндэтгэл үзүүлж байгаагаа илэрхийлжээ. Моцарт тэр үедээ алдар хүндийн оргилд нь гараад байлаа. Хатан хаан хэдийгээр ингэж залуу хүүгийн авъяасыг хүлээн зөвшөөрч байсан ч хүүдээ илгээсэн захидалдаа :
“Та залуу хүүг дэргэдээ авч ажиллуулъя гэжээ. Таньд юуны учир хөгжмийн зохиолч хэрэг болсныг мэдэхгүй байна. Хэрвээ таньд зөвхөн тааламжтай байх төдийд юм бол би татгалзахгүй байна. Гэхдээ энэ мэт ашиггүй, дээр нь хаа сайгүй гуйлгачин мэт хэрэн хэсч явдаг иймэрхүү хүмүүс таны албат байх нь албан тушаалын нэр хүндийг унагана. Тэгээд ч эднийх олуулаа юм. “ гэсэн байжээ. Эрхтэн дархтнуудын урлагийн хүмүүсийг үзэх үзэл ийм байсан бөгөөд Моцартын Итали дахь амжилтаар түүний од мэт гялалзах үе өндөрлөхийг эцэг хүү хоёрын хэн нь ч төсөөлж байсангүй. 

Парист найдсан нь эндүүрэл байлаа
Италийг “байлдан дагуулсныхаа” дараа тэрээр Зальцбургтээ ирж ажилдаа оров. Өөд болсон найрал хөгжмийн даргын оронд ирсэн шинэ хүн Моцартын чадлыг үл тоомсорлосон нэгэн байв. Дэлхийд данстай хөгжмийн зохиолч бөглүү газар яхир эзний гарын үзүүрт зарцлагдах мэт энэ тэрхнийг хийсээр 18 нас хүрэв. Гэхдээ зохиолоо туурвисаар хувийн урын сан баяжсаар байв. Тэрээр сайн ажил ахуй орлого мөрөөдөж байлаа. Өөрөөс нь өөр хэн ч авъяасыг нь тэтгэж хувь заяаных нь төлөө санаа тавихгүйг ойлгосон тэрээр сайн ажил олж хийхээр 21 хүрэх жилээ дахин холыг зорив. Энэ удаа ээж нь түүнд хань болж явав. Моцарт Итали, Вена биш, харин Мюнхен эсвэл хөгжмийн соёлын том төв Мангеймд сууриших санаатай байв.
Тэрээр Мангеймд ажиллаж олон ч уран бүтээлчтэй танилцсаны дотор Вебер гэж хүний дуучин охин Алоизад сэтгэл татагдаж нэгэн сайхан дуурийнхаа дүрийг түүнд өгсөн нь тэр бүсгүйн хувьд бурхны хишиг байв. Учир нь Моцартын ариг дуулж нэрд гарч эхэлсэн тэр эмэгтэйг тун удалгүй ордны дуучнаар урьжээ. Харин зохиолч Моцарт урьдын л адил анхаарлын гадна үлдэв. Гэсэн ч Алоизатай аялан тоглолтоор явхаар болж энэ тухай аавдаа хэлтэл зөвшөөрсөнгүй. Ажил амьдрал нь санасанд нь хүрэхгүй байсан болохоор Моцарт Мангеймыг орхиж Парист ирлээ.
Тэгтэл 10 гаруй жилийн өмнө эндэхийн урлаг соёлын ертөнцөнд сенсаац болж байсан бяцхан Моцартын тухай бүгд мартжээ. Санаж байсан ч тэр гайхалтай жаалыг эргэн санагалзах нь ховор. Тоглолт зарлахад цөөн хэдэн хүн ирнэ. Дээдсийн хүрээнийхний дунд хэн нэг хөгжимчин биш, харин дуурийн Глюкийн толгойлсон франц урсгал, нөгөө талаас Пиччинигийн итали урсгал хоёрын тэмцэл хэний ялалтаар өндөрлөх талаар мэтгэлцэж цаг нөхцөөх нь сонин байсан үе. Моцарт ажилтай болсон ч үгүй, авч гарсан мөнгө нь ч барагдаад байтал ээжийнх нь өвчин ужгирч хүндэрсээр нас барав. Энэ гунигт мэдээг арай ядан аавдаа дуулгалаа.
Моцарт уй гашуугаа гуньж гутрах биш бүтээн туурвиж тайлахаар шийдсэн ч дотоод сэтгэлдээ маш хүнд үеийг туулж байлаа. Хөрөнгө чадал хомсдсоны дээр хүүгийнхээ санааг гүйцэхээ байсан хөгшин эцэг нь юм л бол бухимдах болж. Эгч нь аавынхаа талд байдаг болсноор Моцарт гэр бүлийн хүрээнд ч ганцаардах болжээ. Тэрээр сэтгэл шулуудан Зальцбургийн ажилыг үүрд орхив.

Гэрлэлт
Моцарт Венад сууршихаар ирлээ. Их хотын амьдрал, ажилсаг ояунлаг хүмүүсийн нөлөөгөөр хөгжмийн зохиолчын оюун санаа өсөн тэлж, эрч хүчээр сэлбэгджээ. Моцарт Веберийн гэр бүлынхэнтэй дахин учрах хувьтай байж. Хөлсслөх байр хайж явтал Веберийн эхнэр таарч хуучин танилын хувьд олзуурхан нэг өрөөндөө суулгаж л дээ. Алоизияг сэтгэлдээ тээж явсан хэдий ч нэрд гарсан хэдийн дуучин хэдийн чинээлэг нэгэнтэй гэр бүл болсон байж. Хугацаа өнгөрөх тусан Алоизагийн дүү ялдамхан ааштай Констанца Моцартад таалагдах болов. Хэдийгээр хоёр талынхны дэмжлэгийг аваагүй ч тэд удалгүй гэр бүл болов. Залуухан гэрийнх нь ааль ааш эелдэг. Ээжээс нь хойш үгүйлэгдэж байсан хайр энхрийллийг тэр эхнэрээсээ амсч эхлэв. Үнэндээ олон эгчтэй Констанца гэр ахуйн ажилд тийм ч сайн байсангүй. Гэсэн ч нөхрийнхөө ажлыг ойлгож дэмждэг, өөрөө ч бас их хөгжимлөг энэ эмэгтэй нөхрийнхөө санаанд ихэд нийцэж байлаа. Гэрлэлт Моцартын амьдрал өглөөний наран мэт гэрэл гэгээ татуулаад ирэв. Удалгүй туурвиж эхэлсэн шинэ дуурийнхаа гол дүрийн санааг үндсэнд нь эхнэрээсээ “хулгайлсан” ажээ.
Венад тэр эрх чөлөө гэж юу байдагыг мэдэрч эхэлсэн нь уран бүтээллүүдэд нь тусгалаа олсон байдаг. Хүүхэд ахуйн хөнгөн тансаг өнгө аяс нь эрэлхэг, шийдэмгий болж ирж.
Моцарт зохиосоор, туурвисаар. “Фегарогийн хурим”, “Дон жуан”, “Шидэт лимбэ” зэрэг дуурь нь түүний уран бүтээлүүдийн оргил хайрхнууд. Тэрээр 35 наслахдаа хүн төрөхтөнд 17 дуурь, 49 симфони, 36 найрал хөгжмийн сюит, 26 утсан хөгжмийн дөрвөл, 8 тавал, хийл, төгөлдөр хуурт зориулсан 40 сонат болон вариац, хийл, төгөлдөр хуур, үлээвэр хөгжим, хоор болон бусад дууны хэлбэрээр 55 бүтээл үлдээжээ.
Моцарт хоёр хүүхэдтэй байсан бөгөөд түүнийг нас барахад том нь долоотой, бага нь дөрвөн сартай байжээ.
Моцартын уран бүтээлийн ач холбогдлыг хоёр гурван өгүүлбэрт багтаан дүгнэх аргагүй. Түүний дуурь, симфони болон бусад бүтээлүүд нь XVIII зууны сонгодог сэтгэлгээний оргил нь байсан. Бетховений симфонизм хосгүй үзэгдэл байсны нэг адил Моцартын дууриуд тухайн үеийн нийгмийн олон талт зөрчлийн хүндрэлтэй байдлыг тусган харуулснаараа дан ганц урлагийн хөгжлийг дэвшилд хүргээд зогсоогүй нийгмийн агуулгаар баялаг үзэгдэл болж товойжээ.
Хөгжмийн орчинд Моцартын бүтээлүүд өөрийнх нь дөнгөж дараах үеийн немцийн романтикуудын талархлыг төлийлөн хүлээгээгүй байна. Харин хожуухан XIX зууны аугаа их реалистууд түүний урлагийг бүрнээ нээн ач холбогдлийг нь илүү тодруулжээ.

40-р симфони
Суут хөгжмийн зохиолч В.А.Моцартын алдарт олон бүтээлийн дотроос үе үеийнхний шүтээн болсон 40-р симфонийнх нь үнэ цэнэ орчин үед улам нэмэгдэж буй. Аугаа уран бүтээлчийн сонгодог сэтгэлгээний оргил босон бүтээлүүдийнх нь нэг болох энэ зохиол төрөл зүйлийн хувьд симфони гэлээ ч тийм нүсэр биш. Хөнгөхөн, тансаг, өгүүлэмж тун уран яруу. Энэхүү симфоний чанар байр суурийг улам товойлгож өгсөн үйл явдал болсон юм.
Японы нэгэн хөгжим судлаач эрдэмтэн тун сонирхолтой туршилт хийж үр дүнг нь мэдээллэсэн байна. Тэрээр үе үеийн, төрөл бүрийн хөгжмийг усанд “сонсгожээ”. Өөрөөр хэлбэл усан дотор хөгжим тавихад дуу авианых нь хэлбэлзэлийн нөлөөгөөр усны бүтэц молекулын түвшиндээ хэрхэн өөрчилөгдөхийг ажиглаж улмаар зургийг нь буулгаж авч л дээ. Тэгтэл ямар ямар зураг гарсан гэж санана. Сонгодог хөгжим сонссон уснуудын (нэг төрлийн, адил хэмжээтэй устай сав тус бүрт хөгжим тавьсан) бүтэц 3, 4, 5, 6 талст гээд тус бүртээ зөв хэлбэрийн дүрс бүхий байсан байна. Тэгэхэд нь хамгийн төгс хэлбэр болох зургаан талст хэлбэртэй бүтцийг үүсгэсэн хөгжмийн нэг нь Моцартын 40-р симфони байжээ. Эрүүл хүний бие организмын эс ийм зургаан талст хэлбэртэй байдгыг саная. Судалгаагаар бусад төрлийн поп, рок, жазз, үндэсний гэх зэрэг хөгжим “сонссон” усны бүтэц янз бүрийн хэлбэр үүсгэсэн байж. Тэр бүгдээс металл рок “сонссон” усны бүтэц хамгийн ойлгомжгүй, нэрлэж үл болох замбараагүй хэв дүрс бүхий болсон байж. Ердөө л гадаргуу дээр шингэн асгачихсан мэт тийм гэхийн аргагүй хэлбэр. Эрдэмтэн энэ судалгаагаараа хөгжим хүний оюун тархинд яаж нөлөөлдгийг харуулахыг зорьсон бөгөөд үүндээ хүрч чаджээ. Зохиомж, зохицол, аялгуу хэмнэл, өгүүлэмж төгс хөгжим усанд яаж нөлөөлж буйн адил хүнд ч тийм нөлөө үзүүлдэг гэдгийг нотолсон. Ингэснээрээ стрессгүй эрүүл саруул амьдаръя гэвэл сайн хөгжим сонсч байх тухай асуудал дэвшүүлсэн.
Сайн хөгжим хүнд “дотоод хүн” –ээ сонсч, өөрийгөө мэдрэх боломж олгодог. Анхаарлын төвлөрөлийг сайжруулж, цэгцтэй сэтгэх нөхцөлийг бүрдүүлдэг. Чухам ийм болхоор орчин цагын нэг талаараа галзуу юм шиг амьдралын хатуу бэрхийг сөрөхөд сонгодог хөгжим тустай байх нь ээ. 

урк марш
Моцартын 12-р сонатын төгсгөлийн хэсгийн рондо (хэмжээ богино, хөнгөн, тансаг бодуулах гэхээсээ илүү хөгжөөн баясгах зорилго бүхий төрөл зүйл) –г “Турк марш” гэдэг. Монгол хүүхдүүд хэл оров уу, үгүй юу “маамуу нааш ир” дуугаа дуулаад эхэлдэг луугаа дэлхийн өнцөг булан бүрт хүүхдүүд сонгодог хөгжимөөс энэхүү рондо-г юунд түрүүн аялдаг болов уу.
Моцартын бага нас гоё сайхан дурсамжаар дүүрэн байсан. Зургаан настайдаа төрөлх Зальцбург хотоосоо Венад ирж уран чадварлаг тоглолтоороо ордны эрхэмсэг дээдсүүдийн дунд шуугиан тарьж эхэлсэн. Австрийн хатан хаанаас бэлгэнд авсан алтан чимэгтэй дээдсийнхний загварын хувцсаа өмсч, хиймэл үс тавьсан хүүхэлдэй шиг бяцхан хүн клавесын хөгжим жиргүүлж гайхуулан явсаар газар бүртээ магтаал ерөөлд умбаж байсан. Алоиза гэх дуучин бүсгүйд дурлан дуу бичиж өгч тэр бүтээлээр нь Алоиза нэрд гарч байсан гээд бага идэр насных нь гэгээн дурсамжууд зохиол бүтээлд нь туссан нь элбэг.
Мөн ганган хээнцэр авхай нарын зугаар цэнгээнд зориулан үүнийг бичсэн байж болно. Ордныхонд утга нарийн, асуудал хөндсөн хөгжим ер хэрэггүй байсан шүү дээ. Чухам ийм өнгө аяс “Турк марш” –д нь тод. 


No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~