Эмэгтэй хүн бол орчноо дагаж өөрчлөгддөг нэг төрлийн "хамелеон" шиг хүмүүс гэлтэй. Сайхан хүрээлэл бүсгүй хүнийг сайхан болгодог. Эсрэгээрээ хүрээлэл муутай бүсгүй сайхан байх тухай бодохоо больчхдог.
Хамелеоныг гоёмсог цэцгийн мандал дээр аваачаад тавьчихвал яг л цэцэг шигээ тод өнгөтэй болчихно. Харин элс чулуун дээрх хамелеон бүрсгэр сааралдуу өнгөтэй болон хувирдаг. Бид ч бас яг үүн шиг.
"Хүмүүс мөнгө л байвал хэн чиг л язгууртан шиг амьдарч чадна ш дээ" хэмээн ам мэдэн ярьцгаадаг ч энэ нь нэг талаар өрөөсгөл ойлголт юм. Сарын 600 мянган төгрөгний цэвэр орлоготой хүнсний мухлагийн худалдагч, түүнээс 2 дахин бага цалин авдаг нэр хүндтэй байгууллагын ажилтан хоёрын хооронд байр суурийн хувьд их зөрүү байдгийг бид мэднэ. Жинхэнэ утгаараа гялалздаг эмэгтэй ч "элс чулуу" шиг орчинд удаан байвал эргэн тойрондоо уусч эхэлдэг. Бид нэг орон зайгаас нөгөө орон зайд шилжиж ороод удахаараа өмнө нь хэн байснаа огоорч эхэлдэг.
Хэрэв таны эргэн тойрныхон, хүрээлэн буй орчин "сааралдуу" бол танд гялалзах боломж нь байсан ч тэр тухай бодохоо больчихдогт хэргийн учир орршино. Байгаа байдалдаа, өнөөдөртөө л сэтгэл ханаж, түүнээс илүү рүү тэмүүлэх эрмэлзэл нь буурдаг. Өөрөөр хэлвэл бид тэр чигтээ орчиндоо уусдаг.
Бүсгүй та одоогоосоо илүү байхыг хүсч байвал орчноо солиод нэг үзээрэй.
Орчин гэдэг цогц ойлголтод 3 зүйл багтана:
- 1.Харилцаж буй хүмүүс
- 2.Ажиллаж амьдарч байгаа газар
- 3.Үйлчлүүлдэг газрууд
Эхний зарчим "Үргэлж өөрөөсөө дээгүүр нэгэнтэй харьцаж, түүний түвшинд, маргааш нь түүний цаадахын түвшинд хүрнэ гэж тэмүүл". Энэ нь одоогийн найз нөхөд хамт олноо орхигдуул гэсэн үг огт биш. Шинээр өөртөө үлгэр жишээ, дэмжлэг болох хүмүүстэй танилцаж, тэдний биеэ авч яваа байдал, хандлагыг өөртөө шингээн тэдний нэг бол гэсэн үг юм. Эхэндээ энэ нь дүр эсгэж байгаа мэт санагдаж болох ч, та өөрийгөө бага багаар өөрчлөгдөхийг, төсөөлсөн зүйл тань мөн чанар болон хувирахыг өөрийн нүдээр харж болно. Мөн та энергийн цус сорогчдоос холхон байх хэрэгтэй. Үүнд үргэлж амьдрал нь болохгүй бүтэхгүй байгаа талаар ярьдаг хүмүүс хамаарна. Тэд таны гялбаан дээр сэв суулгаж мэднэ.
Дараа нь, ажлынхаа байр суурь, хэлтэс, албан тушаалын хувьд одооныхоосоо дээгүүр түвшинд очихыг зорилго болго. Тэнд таныг дэвшилтэт хамт олон хүлээж байгаа. Харааха гэрлэж амжаагүй яваа, "өв тэгш"-д дөхсөн нөхөртэй болохыг хүсч буй залуу эмэгтэйд энэ бүр ч илүү ашигтай. "Том загас том голд л байдаг" хэмээн "Эрчүүд бол загас" номын зохиогч Стийв Накамото тэмдэглэсэн байдаг. Энэ нь төдийлөн боломжгүй мэт санагдвал дараагийн зарчмыг мөрдөөрэй.
Гуравт нь та өөрийн тогтмол үйлчлүүлдэг газрынхаа зиндаанд дүгнэлт хийгээрэй. Та хямдавтар барааны дэлгүүрээс хувцсаа цуглуулж, жирийн нэг зоогийн газарт хооллодог байсн бол одоо дандаа томоохон их дэлгүүрүүдээр хэсч, боломжтой үедээ дээд зэрэглэлийн ресторанаар орж хэвшээрэй. "Энэ бол мөнгөтэй хүмүүсийн л хийдэг ажил" хэмээн бодох хэрэггүй. Үнэндээ бидэнд мөнгө нь байсан ч өнөөх л орж дассан газруудаа зүглэчихдэг. Тиймээс авахгүй байсан ч их дэлгүүрүүдээр хэсч, 7 хоногтоо нэг удаа тансаг зоогийн газраар ороод байвал өөрийгөө үнэлэх таны үнэлэмж өндөрсөж, юмсад илүү дэвшилттэй өнцгөөс ханддаг болно. Энэ ч бас л сайхан бүсгүйн нэг хэв шинж юм шүү.
"Хүний аяга хэдий том байна, тэр чинээгээрээ дүүрдэг" гэсэн үг бий. Одоодоо сэтгэл хангалуун явдаг бол сайн хэрэг. Харин үгүй бол бүсгүй та орчноо солиод үзээрэй. Та өөрөө ч дагаж өөрчлөгдөх болно.
No comments:
Post a Comment