Тэвэрт чинь дэндүү их дассан нь тэдний буруу юм шиг
Дэрээ нэвтэртэл мэгшиж хоцорсон аавын охид олон
Тэд чиний төлөө амиа өгөхөөс буцаагүй
Тэнгэрлиг охидын зүрхийг бүү шархлуулаач
Чамд эзэмдүүлэх уруулаа
Заяаныхаа ханьд хадгалаг
Залуу хархүү минь охидыг битгий уйлуул
Цагтаа ижий чинь тэдний нэг явсан юм
Дурласан бүсгүйн нулимасны үнэ цэнийг чи мэдэхгүй
Дуслууд нь хацар, зүрхийг зүсэн урсадгийг чи ойлгохгүй
Дугтуйлж хадгалсан хайрын захидлыг нь чи уншихгүй
Дуудахыг нь ч бас сонсохгүй, ойлгохгүй, анзаарахгүй
Булбарай биеийнх нь бал бурамд мансуурчихаад
Бодолдоо тээсэн гомдлыг нь чи олж хардаггүй
Сахиусан тэнгэрийн гоо үзэсгэлэнд л шуналтаад
Сайхан хайрыг нь чи огт тоодоггүй
Бэлзэг зүүгээгүй олон охидын гараас чи хөтөлсөн
Битгий гэж хэлэхийн зуургүй бүгдийг нь бас хаясан
Гэвч хөсөр орхигдсон тэднээс чамд муу санасан нь үгүй
Гишгүүлж өнгөрсөн зүрх бүр чамд жаргал хүсээд төгссөн
Тэвэрт чинь дэндүү их дассан нь тэдний буруу юм шиг
Дэрээ нэвтэртэл мэгшиж хоцорсон аавын охид олон
Тэд чиний төлөө амиа өгөхөөс буцаагүй
Тэнгэрлиг охидын зүрхийг бүү шархлуулаач
No comments:
Post a Comment