Аристотель (Грек хэл: Ἀριστοτέλης; МЭӨ 384 - 322) бол эртний Грекийн гүн ухаантан Платоны шавь юм. Гэхдээ Аристотель Платоны сургуулиас тусгаарлаж Афинд өөрийн бие даасан сургууль лицей байгуулж "Физик", "Метафизик", "Оюун санааны тухай", "Аналитик", "Категори", "Улс төр" зэрэг алдарт зохиолуудаа бичсэн бөгөөд нийт 150 орчим бүтээл туурвижээ. Аристотелийн зохиолууд нь нэвтэрхий толь бичгийн шинжтэй бөгөөд маш өргөн хүрээтэй асуудлыг гүнзгий авч хамарсан байдаг юм.
Аристотелийн нэг түүхэн үнэт гавьяа бол шинжлэх ухаанд ангилалт хийж, философийн шинжлэх ухаан биеэ даасан тусгай шинжлэх ухаан болохыг нотолж, түүний роль, ач холбогдлыг нэн товойлгон тавьсанд оршино. Аристотель нь Эртний Грекийн их сэтгэгчдийн дотор нэг ноён оргил нь болж чадсан юм. Манай оронд түүний "Туурвил зүй" зэрэг бүтээл нь хэвлэгджээ.
Аристотель Никомакос, Фаистис нарын хүү, тракиа эргийн Стагеира хотод төрж, тэнд хүүхэд насаа өнгөрөөжээ. Эртнээс эмчийн гэр бүлээс гаралтай эцэг нь III.Амюнтас Македон хааны ордны эмч байв. Практикын анагаах ухаантай ойрхон байсан нь Аристотелийн сэтгэлгээ, оюун ухааны хөгжилд шийдвэрлэхүйцээр нөлөөлсөн аж. 17 настай байхдаа Афин хот руу явж Платоны сургуульд суржээ.
Ийнхүү 20 жилийн турш Академийн гишүүн байж Платоны дэргэд ажилласан бөгөөд гэхдээ философийн үндсэн асуудлууд дээр түүнийхээс өөр ойлголт бий болгосон байна. Багшаа өөд болсны дараа бага азийн Ассос дахь Хермиас тюраннос руу очиж, тэнд Хермиасын зээ дүүг эхнэр болгон авчээ. Дараа нь лесбосын Мютиленд номын ажлаа үргэлжлүүлжээ. II.Филиппос македон хаан өөрийн хүү, хожмын Македонын Александрыг хүмүүжүүлж, сургах ажлыг түүнд даатгасан тул 342 онд хааны ордон байрлах Пеллад шилжин суув. Сургаж, хүмүүжүүлэх ажлаа дуусгаад тэрбээр Афинд эргэн ирж өөрийн философийн сургуулиа байгуулжээ. Лекцүүдээ алхаж явах зуураа уншдаг байсан заншлаас нь үүдэн сургуулийг нь перипатетик сургууль гэж нэрлэцгээсэн аж.
Македонын Александрыг 323 онд нас нөгчисний дараа Македоны эсрэг талынхны шахалтнаас зугтаан Еубоиа арал дээр очиж, тэгээд нэг их удалгүй Халкис хотод нас баржээ.
Аристотель Платоны идеа-онолыг үгүйсгэн бодит байдлын гол чанарыг оюун санаанд биш, харин зүйлүүд, юмс үзэгдлүүдэд, өөрсөд дотор нь хайж байв. Шалтаг ба үр дагаварын уялдаа холбоонууд, оршихуйн хуультай байдлууд, хөгжил ба хувиралын бүр гүний шалтгаануудыг олохын тулд үргэлж тодорхой өгөгдөл, тоо, баримтуудаас эхэлдэг байлаа.
Аристотелийн философи дэлхий ертөнц болон хүнийг үзэх бүрэн рациональ арга зам хүмүүст өгсөн ба хэдийгээр тэр өөрөө ч бурханд итгэдэг нэгэн байсан нь маргаангүй боловч түүний философи олныг эзэмдэгч айдас хүйдэс болон өдөр дутмын үйл явдлуудыг бүрхсэн учир битүүлэг байдлын мананг устган үгүй болгоход чиглэж байв. Ийнхүү, тухайлбал Метеорологик хэмээх бүтээлдээ цахилгаан цахих болон тэнгэр дуугарахыг тайлбарлахдаа байгалийн үзэгдлийн (чийг, ууршил, үүлний нягтрал, нарны элч, усны төлөв байдал, хувирал гэх мэт) ажиглалт, судалгаанд тулгуурласан байдаг нь Зевс аянга цахилгааны эзэн гэж итгэцгээдэг байсан тэр цаг үед тун бага шашны агуулгатай байгаа хэрэг.
Онцгой арга барилч сэтгэгч тэрбээр улс төрийн үзэгдлүүдийг шинжлэх ухааны үүднээс анх цэгцлэн системчилж, улс төрийн нэр томъёонуудыг гаргаж ирсэн бөгөөд логикийн шинжлэх ухааныг үндэслэгч түүний үндсэн категориудгүйгээр орчин үеийн шинжлэх ухаан ба философи бий болохгүй байсан биз ээ. Yүний зэрэгцээ Аристотель шинжлэх ухааны мэргэжлийн судалгааг хөгжүүлэх талбарт хамгийн том гавъяатан. Олон номын сан байгуулж, шавь нарынхаа тусламжтайгаар байгаль, нийгмийн бүхий л салбарт мэдээ, баримт системтэй цуглуулах ажлыг эхлүүлжээ. Тэр өөрөө зоологит онцгой сайн байсан боловч зарим талаар өөрийн биеэр, зарим талаар хамтран ажиллагчдаараа дамжуулан одон орон судлал, математик, ургамал судлал гэх мэт салбаруудад эстетика, этика болон улс төрийн төрөлд хийсэн шигээ агуу их судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэсэн байна. Жишээ нь: төрийн амьдралыг судлахдаа 158 төр улсын үндсэн хуулийн бичгийг эмхэтгэн тодорхойлжээ. Түүний 150 гаруй бүтээлийн нэрийг бүртгэсэн байгаа бөгөөд судлаачдын үзэж буйгаар эдгээр бүтээлүүд 450 000 орчим мөр бүхий ажээ. Онцгой оюун ухаантай энэ хүн юмыг бодит талаас нь авч үздэг, хүлээцтэй уян хатан, бага зэрэг егөөтэй, хүнлэг мөн чанартай нэгэн байлаа.
Гол бүтээлүүд: Политик, Афины төр улс, Никомахосын этика.
Политик бүтээлдээ Аристотель хүн төрөлхтний нийгмийн байгууллын байгалиас өгөгдсөн үндэс, сууриудыг нээн олохыг зорьжээ.
Гэр бүл, тосгон, полис
Бусад бүх амьд амьтдын адил хүн ч гэсэн өөр хоорондоо нийлж амьдрах байгалийн жамтай, нийлж нэгдэж байж оршин тогтноно, өсөж үргэлжилнэ. Хүмүүс хоорондоо нийлж үүсгэсэн нэгдлүүдийн хамгийн эхний хэлбэр нь гэр бүл бөгөөд энэ нэгдэл хүний өдөр дутмын хэрэгцээ, шаардлагыг хангахад чиглэнэ. Гэр бүлүүд нийлж тосгон хэмээх, хүний өдөр дутмын хэрэгцээнээс давсан хэрэгцээ шаардлагуудыг хангаж чадах нэгдэл үүсгэдэг. Нэгээс илүү тосгон нийлснээр нэгэн улс (полис) бий болно. Полис бол хүмүүсийн нэгдэн нийлэх явцын дээд шат, сүүлчийн бөгөөд төгс нэгдлийн хэлбэр юм. Дан ганц амьдрахын төлөө хүмүүс хоорондоо нийлэн, тэдний нэгдэл томорсоор байх үед тухайн нэгдэл дэх хүмүүсийн хэрэгцээ шаардлага бүрэн хангагдаагүй хэвээрээ л байна, харин томролт бүрэн гүйцэхэд энэ нэгдэл сайхан амьдралын төлөө оршин тогтох бөгөөд ийн өөрийн хэрэгцээг бүрэн хангах чадвартай байна. Хүмүүсийн нэгдэл бүрдэн гүйцэх нь байгалийн жам ёсны дагуу явдал, өсөн хөгжсөн анхны хэлбэртэйгээ ижил чанартай бүх полис байгалийн жамаар оршин байдаг. Ямар нэгэн юмны мөн чанарыг уг юм бүрэн хөгжиж гүйцсэн үед нь л тодорхойлж болох бөгөөд эцсийн, бүрэн гүйцсэн шатандаа юмс хамгийн төгс, сайн байдаг. Тэгвэл өөрийн хэрэгцээг бүрэн хангана гэдэг нь үүний төлөөх хөгжил нэгдлийн төгсгөл юм, ийм учир хамгийн сайн, хамгийн төгс цэг энэ байна. Нийлэн нэгдэлтийн дээд үзүүрт улс (полис) байх бөгөөд улс тэгэхээр хамгийн сайн сайхныг хүмүүст авчирна, иймээс улс нь байгалийн жам ёсны юм, учир нь байгаль үргэлж хамгийн сайн сайханд хүрэхийг зорьдог.
Хүн нийгмийнй амьтан болох тухай
Энэ бүгдээс харахад полис нь байгалийн жам ёсны дагуу оршин байдаг зүйлүүдийн ангид багтах нь тодорхой ажээ, харин хүн бол байгалийн жамын дагуу энэхүү полист амьдрах учиртай амьтан. Зөгий ч юм уу бусад хамтран амьдрагч амьтдын бий болгосон нэгдлээс өндөр түвшний нэгдэл болох нийгмийн байгууламжинд хүн яагаад амьдрах ёстой нь ойлгомжтой зүйл. Бүх амьтдын дотроос хүн л ганцаараа ярих чадвартай байх бөгөөд бидний үзэж байгаагаар байгаль ямарч юмыг дэмий хийдэггүй. Амьтад тааламжтай буюу тааламжгүй байдлаа илэрхийлэх, үүнийгээ бие биедээ мэдэгдэх дуу авиа гаргах л чадвартай байхад хүний хэл юу ашигтай болон юу ашиггүйг, ийн юу шударга болоод юу шударга бусыг мэдэгдэхэд хэрэглэгдэнэ. Бүх амьтдын дотроос хүн л сайн ба мууг, шударга ба шударга бусыг болон бусад зүйлсийг ялгаж харах, ойлгох чадвартай байдгаараа онцлог. Энэ бүх зүйлийг үзэх, ойлгох ерөнхий чиг шугамыг нэгдэл өгөх бөгөөд энэ нэгдэл гэр бүл болон полисыг бий болгодог.
Полис, хүн хоёрын аль нь тэргүүнд тавигдах тухай
Байгалийн жамын дагуу полис нь хүн болоод гэр бүлийн өмнө тавигдах учиртай. Yүний шалтгаан нь байгальд бүхэл бие түүнийг бүрдүүлэгч хэсгүүдээс тэргүүнд тавигддагт байна. Хэрэв бүхэл бие устгагдвал түүний гар, хөл ч мөн үгүй болно, энэ үед тэдгээр тасархай хэсгүүдийг бүхэл биеийг бүрдүүлэлцэж байхад нь нэрлэдэг байсан адилхан нэрээр нэрлэж болох ч үүгээрээ тэс ондоо юмыг хэлэх болно. Бүх зүйлийн үндсэн дүр төрх, мөн чанар тэдний ажиллагаа болон чадвараас урган гардаг, эндээс харахад хэрэв ямар нэгэн юм байх ёстойгоороо байж, хийх ёстойгоо хийж чадахаа нэгэнт больсон бол түүнийг бид урьдынхтайгаа хичнээн ижил нэртэй байсан ч яг адилхан юм хэвээрээ байна гэж хэлж болохгүй.
Полис бол бүхэл бие, харин хүн түүнийг бүрдүүлэгч хэсэг. Энэ бүхэл биенээс салсан хүн өөрийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй. Нийгмийн нэгдлийн сайн сайхнаас хуваалцах чадвар үгүй хүн, эсвэл аль хэдийнээ өөрийнхээ хэрэгцээг хангачихсан тул хуваалцах хэрэг түүнд байхгүй хүн нийгмээс салж болох бөгөөд тэрбээр полисын нэг хэсэг биш, иймээс тэр буг, бурхан хоёрын нэг нь байж таарна. Иймийн учир хүн нийгмийн зүг тэмүүлэх мөнхийн эрмэлзэлтэй, харин хүний өөрийнх нь байгуулсан нийгмийн сайн сайхныг хүн л хамгийн түрүүн эдэлдэг. Төгс хүн хамаг амьтдаас хамгийн дээд нь, харин хэрэв тэр хууль журам, шударга үнэнээс салбал түүнээс муу муухай үгүй. Ёс суртахууны дэг жаяг, ариун журмын үйлийг гүйцэлдүүлэх хэрэгсэл (жишээ нь: хэл) хүнийг төрөхөд нь хамт заяадаг боловч үүнийг сөргүү хэрэгт мөн ашиглаж болно. Хэрэв хэн нэгэн ариун журамгүй бол тэр хамгийн бохир явдалт, балмад этгээд, ховдог шунахайн туйлын адаг. Шударга үнэн бол улс гэрийн салшгүй хэсэг, нийгмийн нэгдлийг цэгцлэн байгуулагч эд юм. (Танилцуулгыг Brian Tierney, Donald Kagan, Pearce Williams нарын Great Issues in Western Ciүilization (үolume I) номны Politics by Aristotle хэсгээс бэлтгэв.)
Diogenes Laertios: 'Философичдын амьдрал, (1) ... тальтраатаж ярьдаг байсан ... тэгээд нарийхан хөлтэй, жижиг нүдтэй байв, сайхан хувцас өмсөж, бөгжнүүд зүүнэ, зассан үстэй ... (17) ... "Хүмүүс худлаа хэлснээрээ юунд хүрдэг вэ?" гэж түүнээс асуухад "Yнэн хэлэхэд нь хүмүүс тэдэнд итгэхгүй болдог" гэж хариулжээ. Нэгэн муу хүнд өглөг өгснийх нь төлөө түүнийг буруутгацгаахад хэлсэн нь "Мөн чанарыг нь биш хүнийг өрөвдсөн юм." (20) Хэн нэгэн түүнээс бид яагаад гоо сайханд ийм их цаг үрдэг тухай асуухад "Энэ бол сохор хүний л асуух асуулт" гэжээ. [Р.Б] '
No comments:
Post a Comment