Энгүй хайрын давалгаа эргээ даван цойлж
Эмзэг бяцхан зүрхийг минь цохилон асаж
Эрх танхил жиргэх дурлалын шувуухай
Эх дэлхийгээр самнан чамайг хайж гэмээнэ
Энэлэнгийн сүүдэрт жиндсэн ч эвий ганцаар гунигласан ч
Ихэмсэг харцаа буулгаж эрийн өмнө сөхрөхгүй
Эрхэмсэг нэгэн бүсгүй билээ би
Элгээ эмтлэн шаналж ганцаардлын далайд хөвж
Дурлалын салхинд сульдаж үгээ асгалгүй уйлавч
Эр хүн таны дэргэд гунигаа дотогш юүлж
Эгэл бүсгүй жудгаа ижий шигээ дээдэлж гэмээнэ
Энэлэнгийн сүүдэрт жиндэж эвий ганцаар бэдэрсэн ч
Ихэмсэг харцаа буулгаж чиний өмнө сөхрөхгүй
Эрхэмсэг нэгэн бүсгүй билээ би
Эх Бөртэ Үжиний энэрэл хайрын үргэлжлэл
Эрэлхэг Мандухай хатны гоо харцны тусгал
Эртнээс нааш өвлөсөн нандин сэтгэлийн нууцаа
Эгэл сэтгэлийн чинадаас дээжлэн өргөж гэмээнэ
Энгүй уужим ухаанаар жаргалын наран мандаадаг
Эр хүн таныг зүрхэндээ, бишрэн хайрладаг тийм л
Эгэл жирийн агаад эрхэмсэг нэгэн бүсгүй билээ би
No comments:
Post a Comment