Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Sunday, February 13, 2011

Эрхэм уншигч бүсгүй минь, энэ удаа бид ганцаардлын тухай нухацтай ярилцах гэж байна.


Та ганцаараа байхаас айдаг бол, хайртай залуутай бол, гэр бүлтэй байхыг хүсдэг бол энэ мөрнөөс цаашаа битгий уншаарай. Эсвэл дуустал нь уншаад “ийм балай юм хэн бичдэг байнаа, ийм амьтдаас болж энэ дэлхий дээр гэр бүлийн аз жаргал байхгүй байгаа юм” гэж өөртөө хэлээд хайртай залуугаа чанга тэвэрч үнсээрэй. Тэхгүй бол сэтгэлийн гүнд чинь эндээс ганц нэг өгүүлбэр үлдчихэж магадгүй шүү. Ингээд хэрхэн ганцаараа байх тухай зөвлөгөөндөө оръё.

Бүсгүй минь, заримдаа чамд бүхнээс тасарч, гав ганцаараа, хүссэн бүхнээ тааваараа хийж, дуртай киногоо үзээд диваанаасаа ч өндийхгүй хэвтэж байх юмсан гэж бодогддог уу? Эсвэл бүх насаараа тийм байх юмсан гэж санагдах үе байна уу? Яагаад гэвэл эмэгтэй хүн бүрт ингэж бодогдох үе байдаг. Би үүнийг өөрийн туршлагаараа хэлж байгаа юм шүү. Тэгээд яагаад бид ингэж чадахгүй нэг хар юмны өмнө хойно нь гүйж, өөд уруугүй асарч тойлж, өөрөө киногоо үзэлгүй хүссэн сувгийг нь тааруулаад сууж байдаг билээ? Яах вэ, нөгөө “хайр” гэж “балай” юмнаас болоод тэр. Тэхээр хувийн амгалан тайван байдал, аз жаргалаа хэн нэг залуу гэгч эргэлзээтэй мэдрэмжээр солихыг хүсэхгүй байгаа бүсгүй танд сэтгэл судлаачид хэд хэдэн үнэт зөвлөгөөг өгч байна.

Нэг. ТӨГС ТӨГӨЛДӨР ЭРИЙГ ХҮЛЭЭ
Өөрийнхөө сэтгэлд зөвхөн чамд л тохирох төгс, төгөлдөр эр хүний дүр төрхийг бий болго. Өндөр нам, өргөн бүдүүн, өмссөн оймс, өрөөсөн гутлын хэмжээ, өмдний шуумагны индүүдлэг, нүдний өнгө, нүүрний арьс, үс, зүс, шүд, шанаа гээд нэгбүрчлэн бод. Сайн муу зуршлыг нь хүртэл мартаж болохгүй. Ингээд яг энэ дүрд чинь таарахгүй л бол цаг гарздаж хар юм руу хараад яана? Бүх амьдралынхаа турш энэ дүрдээ үнэнч байгаарай.
Үр дүн нь: Чи эргэн тойрондоо байгаа эрчүүдийг анзаарахаа болино. Тэд ч гэсэн чиний ихэмсэг байдал, тоомсоргүй харцыг хараад чамтай үг солино гэж юу л бол. Гэтэл, нээрээ гайтай юм шиг, яг чиний бодсон шиг эр зам дээр чинь зогсож байвал яах вэ? “Ээ, чи хэдхэн жилийн өмнө тааралдахгүй яав даа? Одоо даанч оройтож дээ, оройтож” гэж хэлээд өнгөрөөд гар. Эргэж битгий хараарай даа. Ингээд л чи хүссэндээ хүрлээ.
Болгоомжлох зүйл: Хамгийн гол нь өөрийнхөө бий болгосон төгс төгөлдөр эрийнхээ дүр төрхийг үнэнчээр дагах хэрэгтэй. Тэгвэл таны ганцаараа байх боломж 100 хувь гэж тооцоорой. Хараагаа ч гэсэн хааяа хааяа шалгуулж бай. Хараа муудаад ганц нэг зүйл нь тохирохгүй байхад анзааралгүй автчих вий дээ.

Хоёр. ХУВЬ ЗАЯАНДАА ИТГЭ
Жинхэнэ хурим ганцхан диваажинд л болдог гэж дандаа бодож бай. Тийм болохоор ийш тийш дэлдгэнээд байлгүй азтай учрал, азтай өдөр, азтай уулзалтыг л хүлээгээд байх хэрэгтэй. Тэгээд бас гол нь хүнд ердөө цорын ганц л азтай боломж байдаг гэдэгт итгэ. Тэгээд чиний тэр азтай боломж аль хэдийн өнгөрчихсөн, эсвэл ирэх болоогүй байгаа гэж бодоод байхад чи ганцаардлын хаант улсдаа хүссэнээрээ амьдраад л байх болно.
Үр дүн нь: Чамайг гайхамшигтай нам гүм байдал хүрээлж, юуг ч өөрчилмөөргүй санагдана. Тэгээд л хайртай буйдан, хэдэн киноноос чинь өөр ийм амгалан тайван байдлыг өгч чадах юм байхгүй гэдгийг мэдэрнэ дээ.
Болгоомжлох зүйл: Чамайг огт хүсээгүй байхад л хөл чинь диско бүжиг, хөл ихтэй найр, хурим, зугаалга, наргиа руу чирээд явчих вий? Тэгвэл хувь заяаны тохуурхал болсон тэр үдэшлэг цэнгээнээс хоёулаа болоод буцаад ирэх магадлалтай шүү.

Гурав. ЮУ Ч БИТГИЙ ТОО
Өөрөөр хэлбэл хэнийг ч битгий тоо. Зүгээр л “энэ хорвоод хэвийн аятайхан залуу гэж байдаггүй” гэдгийг л томъёо шиг толгойндоо суулгаж орхи. Үгүйдээ л энэ ертөнцийн, мөн манай орны эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ хавьгүй олон гэдэг статистик мэдээг амандаа давтаад байхад л тэртэй тэргүй дутагдаад байгаа эрчүүд чамд хүртэхгүй гэдгийг ойлгох болно. Гэтэл гэнэт нэг аятайхан зантай, сэтгэл татам, санхүүгийн хувьд ч тогтворжсон сайхан залуу чамтай тааралдвал яана? Тэгвэл зүгээр л “тэр гэрлэсэн байж таараа, эсвэл ижил хүйстэн байх” гээд бодоход л болоо шүү дээ.
Үр дүн нь: Яг ингэж бодоод л чам руу инээмсэглэн харсан сайхан залуугийн өөдөөс өрөмдмөөр, эсвэл ямар ч найдваргүй байдалтай харвал ямар ч хэвийн сэтгэл зүйтэй эр хүн зугтаах болно.
Болгоомжлох зүйл: Ямар ч дүрэм журамд захирагдахгүй юм байдаг шүү дээ. Тийм болохоор аятайхан зантай, сэтгэл татам, санхүүгийн хувьд ч тогтворжсон сайхан залуу, тэгээд ижил хүйстэн биш, бас дээрээс нь чамд дурлачихвал аврагдах гарцаа чи өөрөө л хайх хэрэгтэй болно доо.

Дөрөв. ӨӨРИЙГӨӨ “ҮХТЭЛ” НЬ ШҮҮМЖИЛ
Өөрийнхөө сэтгэлд таалагддаггүй хэдэн зүйл олох шиг амархан юм эмэгтэй хүнд байдаг юм уу? Дэндүү тарган, хэтэрхий бүдүүн, майга хөлтай, матигар гартай, намхан нуруутай, навтгар хамартай, тэгээд хямдхан цүнхтэй, муухай гуталтай, эсвэл гутлаа урдаг, хумсаа мэрдэг гээд өө олох шиг амар юм юу байх вэ? Хэцүү байвал толь ашиглаарай, бүр нөлөөтэй толь байсан ч яах вэ. Тэгээд л өөрийгөө өөлөөд, өөрөө тэрэндээ итгэж чадвал чи өөрийгөө хайрлахаа болино. Тэгээд өөрийгөө байнга голж, үүнийгээ эрэгтэй хүмүүст яриад, хуваалцаад бай. Эрчүүд хэдийгээр нүүр царайны хувирал багатай, сэтгэл хөдлөлөө сайн нуудаг ч чамайг өөрийгөө шүүмжлэх тоолонд сонссоор сүүлдээ залхаж, бүр чиний хэлсэнд үнэмших болно.
Үр дүн нь: Гайхалтай. Чи өөрийгөө хайрладаггүй бол хэн ч чамайг хайрлахгүй. Энэ бол шинжлэх ухаан хийгээд хүн төрөлхтний амьдралын туршлагаар баталгаажсан юм шүү.
Болгоомжлох зүйл: Хэн нэг нь хэлээд байхад чиний тэр бүх дутагдлыг олж харахгүй байж магад, тэр бүү хэл тэр дутагдал чинь хэн нэгэнд таалагдаж ч мэднэ. Ийм тохиолдолд “Орчлонгийн хамгийн тэнэг хүн юм уу гаж донтон л ийм уул овоо шиг их дутагдалтай хүнийг хайрлах байх. Тэхээр надад ийм гаж донтон хэрэггүй” гээд л өөртөө итгүүлнэ дээ.

Тав. ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ЭХЭЛЖ ТАНИЛЦ
Хэрвээ хэрэгтэй бол тэр өөрөө лд яриа өдөж танилцана биз. Эр хүнд өөрийнхөө зүрх сэтгэлийг өөрөө эхэлж нээдэг эмэгтэй бол хамгийн ичгүүргүй, аймшигтай хүн мөн гэж өөртөө хэлээрэй. Тийм хүүхнийг хүндэлж, хайрлах ёсгүй гэж эрчүүлд ярь. Тэр байтугай аятайхан эр лүү харц чулуудах чинь ичгүүргүй аалигүй явдал гэж бодож бай. Өөрөөр хэлбэл, дуугаа тат, өөрөөсөө өөр хэнд ч нарийн нандин юмаа бүү хэл, болбол өөрөөсөө ч гэсэн нуугд.
Үр дүн нь: Ингээд байхад тэр өөр хүн рүү харах болно, найдвартай.
Болгоомжлох зүйл: Гэнэт, өөдгүй муу гаж донтон түрүүлж санаачилга гаргавал яана? Тэр үед хэлгүй л болдог байх даа.

Зургаа. АЛЬ НЭГ НАМД ЭЛС
Аль болох ширүүн, догшин, дайчин нам, улс төрийн хүчин, эвсэлд элсэн ор. “Тантай танилцахад таатай байна. Би бүх эрчүүдийг сөнөөн устгах эмэгтэйчүүдийн эвслийн гишүүн л дээ. Би уулзалтандаа явж байна” гэж хүйтэн өнгөөр хэлээд жигшсэн харцаар харахад л тэр хүн шууд эргээд явна. Хэрвээ явахгүй байвал үргэлжлүүлээд арьсан гутал юм уу савхин дээл рүү нь хараад “Би амьтны арьсан хувцас өмсөгчдийг үзэн яддаг. Би амьтан хамгааллын нийгэмлэгийн гишүүн л дээ” гэх юм уу, эсвэл “Өө, та мич жилтэй хумхын ордны хүн юм уу? Яг миний хамгийн дургүй жил, ордтой юм аа?” гэж хэлсэн ч болно.
Үр дүн нь: Цаад залуу чинь хамгийн энгийн, тэнэг ч бай хамаагүй нэг шалтаг олж хэлээд хөлийн хурдаар зугтах болно. Утсаа өгөөч ч гэхгүй гэдэгт итгэж болно.
Болгоомжлох зүйл: Таныг яг хэлсэн зүйлийн чинь төлөө хайрлах хүн гарч ирж магадгүй. Тэр нь тантай хамтран зүтгэгч юм уу, намын нөхөр чинь ч байж магад. Тэгвэл та “Би ажил, амьдралаа хольж хутгадаггүй” гэж хэлээд үз дээ?

Долоо. ШУУД Л ХУРИМЫН ТУХАЙ ЯРЬ
Та хоёр танилцаад удаагүй, чи аль эрт бүх зүйлийн тухай ярьж тохирсон хүмүүс шиг шууд хуримын тухай ярь. Хэзээ хуримаа хийх вэ, би ямар хувцас өмсөх вэ, хуримаа хийхээс нааш би хүнтэй унтахгүй гээд л. Тэгээд залуу чинь яриан завсраа нэг бяцхан хөөрхөн муурын зулзагыг өхөөрдөх юм бол шууд л “Тэгээд би яг энэн шиг олон хөөрхөн зулзагатай болмоор байна” гэж хэлээрэй.
Үр дүн нь: Ийм яриа болсны дараа эрчүүдийн 98 хувь нь ганц ч үг хэлэлгүй зугтан оддог гэдэг юм. Дараа нь таны бараанаар танаас хэдэн бээр цаагуур өнгөрөх болно.
Болгоомжлох зүйл: Харин үлдэж буй тэр 2 хувьд нь хамаарах солиотой амьтан танд таарсан бол шууд “Ура” хашгираад босоод ирж магадгүй. Тэгээд бүр “Тэгвэл хоёулаа бас 5 зодоонч нохойтой болъё” гэж ч магадгүй. Ийм тохиолдолд харин та өөрөө хөлийн хурдаар зугтаах хэрэгтэй болж дээ.

Найм. ТҮҮНД ЭРГЭЛЗ.
Хэрвээ цаадах чинь таны бүх л сул тал, элдэв ааш, илүү дутуу шаардлагыг бүгдийг нь тэсээд дэргэд чинь байгаад байсан ч явуулах арга бас олдоноо. Тэрний хайр сэтгэлд эргэлзэж байгаагаа өөртөө үнэмшүүлж, “Тэр намайг үнэхээр хайрладаг гэж үү? Яагаад? Ямар учраас намайг хайрлах болов? Энд нэг л юм биш байна даа? Тэрэнд надаас юу хэрэгтэй юм бол? Мөнгө үү, орон гэр үү, өдөр бүр цай хоол хийлгэх нь үү, секс үү” гэж байнга давтан хэл. Эргэлзэж байгаагаа залуудаа ч гэсэн байнга хэлж, тасралтгүй шалгалт хийгээд бай. Ямар ч эр хүн үүнийг удаан тэсэхгүй.
Үр дүн нь: Тэгээд эцийн эцэст чиний хардалт талаар болохгүй. Тэр сайн хүн болж “жүжиглэхээ” больж, “Тийм ээ, чи чамд хайргүй мэдэв үү. Чи ингэж л хэлүүлэх гээ биз дээ?” гэж хашгирах болно. Тэгээд чиний гайхамшигт ганцаардлын амьдрал эргэн ирнэ дээ.
Болгоомжлох зүйл: Энд бол та л биеэ барьж чадахгүй байхаас болгоомжлох хэрэгтэй. Анхаарлаа сулруулж, түүний өгөөмөр зан, тэвчээр, чиний төлөө бүх зүйлээ золиосолж чадах сайхан сэтгэлд бууж өгөх вий. Жишээ нь, хамгийн жирийн өдрүүдэд хүртэл оронд чинь кофе авчирч өгөхөд түүний хайранд өөрийн эрхгүй автахаас болгоомжилно доо.

Ес. ТҮҮНИЙГ ӨӨРИЙНХӨӨ ТӨГС ДҮРТЭЙ БАЙНГА ХАРЬЦУУЛ
Чи нарны шилээ авч байгаад наад залуугаа нэг хар даа? Чиний нөгөө өөртөө бий болгосон төгс төгөлдөр дүртэй чинь огт адилгүй байгаа биз дээ? Тэхээр чиний нөгөө хүсч мөрөөдөж байсан сэтгэлийн ханхүү чинь яах болж байна? Тэр хар даа? Хажууд чинь тэрийж хэвтчихээд л, таван лонх шар айраг гүзээлчихээд, арван торой нийлүүлсэн юм шиг хурхираад л, хөл бөмбөг ч гэх шиг тэнэг юм үзэж хэдэн цагаар зурагтын өмнө алхайж суугаад, ээжтэй чинь хүртэл үг хэлээ ололцчихгүй шүү. Ийм юмаар яадаг байнаа? Чи энэ бодлоо битгий нуу. Түүнд хэл. Жинхэнэ эр хүн ингэдэггүй гэдгийг тэр мэдэж аваг. Тэгээд чи түүнд “Чи миний бодож байсан хүн биш байнаа. Миний хүсэн хүлээсэн хүн ийм л байх ёстой” гэдгийг хэл л дээ.
Үр дүн нь: Энэ бүхнийг сонссоны дараа тэр тэсвэр алдах болно. Баргийн эр тийм хэцүү өрсөлдөөнийг /байхгүй хүнтэй хийж буй өрсөлдөөн шүү дээ/ тэвчихгүй дээ. Мэдээж эхэндээ чиний хэлсэн, хүссэнд тааруулах гэж оролдох байх л даа. Бас сэтгэл судлаач дээр очиж өөрийнхөө талаар ярилцах байх. Гэхдээ удахгүй дээ. Тэгээд л нэг сайхан өдөр яваад өгнө. Ингээд чиний хүсэн хүлээсэн мөч ирэх нь тэр биш үү?
Болгоомжлох зүйл: Дурлахаас болгоомжил. Учир нь чи түүнд үнэн сэтгэлээсээ дурлаж, хайрлаж орхивол тэр хүн чинь автоматаар чиний сэтгэл дэх төгс төгөлдөр дүр төрх болж хувирдаг. Бүр ямар ч муу зуршил, элдэв ааштай байсан тэр шүү.

Арав. ХАРААНААСАА НЭГ Ч МИНУТ БИТГИЙ ХОЛДУУЛ
Түүнийг гараас нь хөтлөөд алхам ч битгий холдуул. Бүхий л чөлөөт цагаа хамт өнгөрүүлнэ гэж шах. Бүх л найз нөхөд, хийдэг ажил, сонирхдог юм, бүр суудаг сандалтай нь хүртэл хардаад бай. Тэгээд бүх л найз нөхөдтэй нь найзалж, сонирхдог зүйлийг нь хамт сонирхож, бүх юмаа л хамт хий. Яагаав? Нөгөө халбаганы ишийг нь би, толгойг нь чи угаа гэж нэг хошин үзүүлбэр байдаг даа?
Үр дүн нь: Ийм хэрээс хэтэрсэн ойр дотно харьцаа түүнийг залхааж боомилох болно. Тэр сүүлдээ холхон шиг, аль болох алсхан шиг эрх чөлөөтэй амьдрахыг хүснэ, чи ч эрх чөлөөгөө олж авна.
Болгоомжлох зүйл: Энэ бүхэн түүнд таалагдвал яана гэдгээс л болгоомжилно доо. Түүнд таалагдаад, сүүлдээ бүр та зугтмаар болох вий. Тэгвэл зугтаах л хэрэгтэй.

Арван нэг. ЭСВЭЛ, ТҮҮНЭЭС ХОЛД
Хажууд чинь хэн ч байхгүй юм шиг л амьдар. Хүссэн цагтаа явж, ирж,хоолоо ганцаараа хийж идээд, түүнийг чиний нэг ч дутагдалд үг хэлүүлэхгүйгээр, өөрийг чинь шүүмжлэхийг тэвчихгүйгээр, юу дуртайгаа хий, нэг ч үр бүү сонс. Юу ч асуулгүй найзнартайгаа уулзаж, зугаалж, өөрийнхөө л юманд анхаар. Ямар ч тохролцоо гэж байхгүй, бүх юм зөвхөн чиний хүссэнээр.
Үр дүн нь: Цаадах чинь хэрвээ чиний тоглоомын дүрмийг хүлээн зөвшөөрвөл чи-өөрөө өөртөө эзэн байх болно. Зөвшөөрөхгүй бол тэр тулааны талбарыг чамд орхиж, чи эрх дураараа жаргана даа.
Болгоомжлох зүйл: Хэн нэгэнтэй хамт байгаа мөртөө ганцаараа мэт амьдарна гэдэг бол өндөрт татсан олсон дээр дэнжигнэж яваатай адил юм. Тэхээр тэндээс унах вий гэж л болгоомжилно доо. Хэдийгээр бусдын нүдэнд эр нөхөртэй ч өөрөө өөртөө эзэн байж амьдарч байгаа мэт харагдах нь таатай ч, ийм нөхцөлд амьдралын тэнцвэрийг хадгална гэдэг хамгийн хэцүү нь. Тиймээс хэзээ нэгэн цагт, “хоёулаа”, “ганцаараа” байх хугацааны аль нэг нь гарцаагүй дуусах л болно.

Одоо эцэст нь чамд эр хүн байгаа бол ямар төвөг учирдаг талаар нэгтгэн дүгнэцгээе. Хэрвээ чи эр хүнтэй бол…
• Чиний бүрэн бүтэн унтаж амрах 8 цагаас дандаа хороогдоно. Секс ч гэх шиг…
• Хөнжлийг чинь хуу татсанаас болоод чи шөнө дандаа даарна, сэрнэ
• Чиний дуртай кино гарах цагаар хөл бөмбөг заавал давхацна
• Хэрвээ чи хувцсаа тайлж байвал нэг юм хэлээд байнаа гэсэн үг
• Хэрвээ чи хувцсаа өмсөж байвал бас л нэг юм хэлээд байгаа гэсэн үг
• Чамайг угаалгын өрөөнд жаахан удахад л хаалгыг чинь балбаж эхэлнэ
• Чамайг утсаар тайван ч яриулахгүй
• Яриад дуусангуут чинь л хэнтэйгээ ингэж удаан чалчаад байгаа юм бэ гээд л байцаагаад эхэлнэ
• Чи ямар нэг юм худалдаж авахын тулд энэ яагаад чамд хэрэгтэй болсон тухай заавал тайлбарлах шаардлагатай болно
• Өдөр бүр л чамайг өрөөсөн оймс, цамц, зангиа олоодох гэж шаардана. Тэр нь ихэнхдээ л буйдангийн доор, сандлын дэргэд хэвтэж байхыг нь яана
• Чи тэрнийг ирэхгүй яагаад удаад байна, яагаад утсаар ярихгүй байна гээд л бодож, шаналж сэтгэлээ зовоох хэрэгтэй болно
• Орчлон дэлхий ямар ч цаг агаартай байлаа, чиний сэтгэл ямар ч байлаа үл хамааран тэрний сексийн хүслийг хангах хэрэгтэй болно

За ийм л байна даа. Энэ бүхнийг тэвчиж чадвал чи эр нөхөртэй, хайртай залуутай байгаа гэсэн үг. Эс чадвал эрх чөлөөгөө эдэлж яваа байх нь. Танд ямар эрх чөлөө хэрэгтэй байгааг ганцхан та мэднэ, та л шийднэ.

Ингээд дууслаа. Энэ бүхнийг уншсаны дараа Танд гэнэт хүнээр хайрлуулж, хэн нэгний тэвэрт эрхэлж, янагийн үг сонсож, сексийн амтыг мэдэрмээр санагдчихав уу? Тэгвэл дээр бичсэний яг эсрэгээр нь хийгээд байгаарай. Тэгвэл та хэзээ ч “ганцаараа, цор ганцаараа” гэдэг хувь тавиланг мэдрэхгүй. Гэхдээ энд бичсэн зүйл танд хэрэг болсон эсэхийг бичээрэй.

Ганцаараа ч бай, хосоороо ч бай, гол нь бүсгүй та аз жаргалтай л байх ёстой шүү…



No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~