Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Friday, February 11, 2011

Ганцаардлын зовлонгоос ангижир



Хүний амьдралд тохиох хар дарсан зүүд шиг туйлын таагүй мэдрэмж бол гүн гүнзгий ганцаардал. Ганцаардал хэмээх сэтгэлийн тамд унасан зовлонт хүн усгүй цөлд хүн амьтны бараа харахгүй, орь ганцаар хаягдсан мэт байдалтай нэн хүнд бөгөөд нэн урт өдөр хоногийг сэтгэл түгшин өнгөрөөнө. Үнсэнд хаягдсан шалз шиг нааш ч үгүй, цааш ч үгүй хов хоосон орон зайд байгаа мэт ийм амьдрал үнэхээр тамтай гэж ганцаардлын зовлонг туулсан хүмүүс халаглан ярих юм билээ. Ганцаардлын харанхуй агуйгаас гарах гарцаа олохгүй мунгинах учир шалтгаан олон янз. Дотны хүмүүсээсээ хагацах, хайртай зүйлсээсээ холдох нь харуусал гунигтай хамт санагалзан ганцаардах бодол сэтгэлийн гүн хямралд оруулна. “Хэрэв болж өгвөл эмгэнэлд бүү авт, ядахдаа түүнийгээ битгий ил гарга”. Тэр ч бүү хэл хайртай нохой, муурнаасаа хагацсандаа харамсан, тэрхүү гунигаасаа гарч чадахгүй ганцаардан гиеүрэх тохиолдол тийм ч цөөн биш. Хамт олондоо гадуурхагдан, хавчигдах нь хамгийн таагүй мэдрэмжүүдийн нэг, ганцаардан шаналахын нэг гол эх үүсвэр. Бас, хамт олныхоо дотор өөрийн байр сууриа олоогүй шоовдор мэт үзэгдэх хүн ганцаардан зовох магадлал өндөртэй.

Ойр дотны найз нөхдөөсөө урт, богино хугацаанд хөндийрөх тохиолдол бүрт цэв цэлмэг байсан сэтгэлийн хөх тэнгэрт хар үүл хуралдан халхалж, ганцаардлыг илүү мэдэрнэ. Гэр бүлийн доторх таатай бус уур амьсгал ганцаардалд алхам алхмаар дөхүүлнэ. Ойр тойрны хэн нэгний онож хэлээгүй үг, хүлээж байгаагүй гэнэтийн үйлдэл цочролд оруулах тохиолдолд орь ганцаар шаналан, дотроо онгойлголгүй удах тусам ганцаардлын харанхуй руу дөтлөн ойртоно. Амьдралд тохиолдсон аливаа том, бага таагүй явдлуудаас шалтгаалж хүн өөрийгөө бусдаас тусгаарлан холдуулж, дотроо шаналан, элдвийг эрэгцүүлэн бодсоор итгэж байсан хүмүүстээ ч эргэлзэж эхэлнэ. Энэ зөрөг замаар удаан бэдэрвээс ганцаардлын манан будант хөндий рүү үл үзэгдэх хөтөч гарцаагүй хөтлөн аваачна. Нутаг ус, найз нөхдөө хэт их санаж санаашран, шинэ нутаг, орчин, шинэ хүмүүсийн дунд дасаж идээшиж чадахгүй байсаар ганцаардмал амьдралын хэв хэвшилд аажим аажмаар хүлэгдэх осолтой. Үерхэж нөхөрлөж байсан нөхөд нь сэтгэлд нийцэхгүй хөндийрч, шинэ найз нөхдөө олж сонгохгүй алгуурласаар зожигрон тусгаарлагдах тохиолдол түгээмэл. Үнэт зүйлийн үнэлэмж, сонирхол шохоорхол, амьдралын түвшний ялгаа зөрүү зэргээс болж найз нөхдөөсөө холдсоор ганцаардах магадлал их.

Хурц жад, ирт сэлэмний өөдөөс эрслэн зогсож чадах зоригтныг хүртэл ганцаардал өвдөг сөхрүүлж чадна. “Ганцаардана гэдэг хүнд тулаанаас ч хэцүү зүйл”. Ганцаардал сэтгэл гутралыг сүүдэр мэт дагуулна. Юм юманд үргэлж сэтгэл дундуур, хаана ч сэтгэл хангалуун биш, бүх зүйл өөрөөс нь холдон зайлсан мэтээр бодлогоширно. Өөдрөг сэтгэлийн орон зайг сэтгэлийн хоосрол, уур уцаар түрэн эзэлнэ. Нүднийх нь гал цог бууж, урьдын сэргэлэн цовоо, хөгжилтэй дүр төрх хаачсан нь бүү мэд алга болж, бусдын ярианаас өө сэв эрж, үг сөрсөн, хэг ёг гэсэн хүйтэн хөндий харьцаа давамгайлна. Харц нь доогуур, дальдчаа аль эсвэл гөлгөр болж, дааж давахгүй өрөнд орсон мэт урт урт санаа алдан, уйтгарлан гуниглаж, хүмүүсээс аль болох хол байх хүсэлд хөтлөгдөнө. Улмаар амьдрал утга учраа алдсан мэт бодлыг тархи толгойд суулган, сэтгэлээс гарахгүй зовоон тарчлаана. Цааш, цаашаа даамжирвал хувь хүний нийгэмшилд саад тотгор болон хөндөлсөж, өсөж хөгжих, дэвжиж дээшлэх, нийгэм, хамт олны дотор өөрийн байр сууриа баттай эзлэхэд үлэмж их бэрхшээл учруулан, ахиц амжилтгүй, анхиагүй хөөрхийлөлтэй нэгэн болгон хувиргана. Хүндрэл бэрхшээлийг хэрхэн давж, цаашид амьдралдаа яаж зөв шийдвэр гаргахаа мэдэхээ болино. Түүгээр ч зогсохгүй, хэт их ганцаардал өвчин эмгэг үүсгэх ч аюултай. Ганцаардлын зовлон шаналалаас ангижрахгүйгээр ажил төрөл чинь амжилттай сайн, аж амьдрал чинь амар тайван байна гэж найдах хэрэггүй.

Ганцаардал нь удаан тэвчин сууж боломгүй хүйтэн мөсөн зоорь шиг зүйл биш. Нэг орчихвол гарч болдоггүй халуун там ч биш. Ганцаардлыг тэсвэр тэвчээрээ хатамжлан тэвчиж болно. Эр зоригоо хөвчлөн ганцаардал шаналалаас гарах арга боломж энэ зовлонд нэрвэгдсэн хүн бүрт өөрт нь бий. “Ганцаардлыг тэвчиж чаддаггүйгээс л бидний бүх гай зовлон үүддэг. Эндээс л хөзөр, гоёмсог чамин эд зүйл, архи дарс, хөнгөмсөг зан, хүүхэн шуухан, бүдүүлэг авир, хорон үг, атаа жөтөө, сэтгэл зүрхээ хараан зүхэх, бурхныг мартах зэрэг бүхий л хилэнц нүгэл гарч байгаа юм” гэсэн ухаантны хэлсэн үг байна.

Газрын чулууг дээш шидэвч доош унана, галын дөлийг доош даравч дээш цойлно. Ганцаардал чамайг ямар их хүчээр доош нь дарж байвч түүнийг даван туулахаар галын дөл шиг цоргилон зүтгэ. Тэгж чадвал амьдралаа өөдрөгөөр харж, өөд нь татан, урагш ахих эрч хүчээ олж авна. Ганцаардалд өвдөг сөхрөн бууж өгч дарлуулбал амьдрал чинь сэхэл авахгүй уруудан доройтно. Чамайг ганцаардалд оруулсан бүх зүйл нэгэнт гээгдэж хаягдан, эргэлт буцалтгүй алдагдсан бол араас нь халаглаад нэмэргүй. Амьдралаа шинээр харж, шинээр эхэл. Ганцаардлаас ангижрахад ойрын хүмүүсийн сэтгэл итгэлийн дэм хэрэгтэй ч хувь заяагаа өөрийн гартаа атгасан хэвээр байгаа гэдгээ юуны өмнө ухааран сэхээр. Ганцаардлаас гарах бодол сэтгэлээ эзэмдэн, өөртөө туслах зөв аргаа сонгож олохыг хичээ. Өөрийгөө доош хийн дорд үзэж, хэнд ч хэрэггүй, бүх зүйл утга учраа алдсан мэт санагдах мунхаг бодлоосоо эргэж хургалгүйгээр эхлээд салах хэрэгтэй. Хамгийн ихээр ганцаардан гуниглаж буй орчноосоо татгалзаж, сэтгэл амар тайван бөгөөд сэтгэл хангалуун амгалан байдаг тэр орчин нөхцлөө сонгон бараад. Тийм орчин нөхцлийг чамаас илүү мэдэж, чамд туслах хүн хол ойрд байхгүй. Сэтгэл зүйгээ хянаж, өөрийгөө зөв тийш нь жолоод. Сэтгэлд нийцтэй, яриа хөөрөө нийлэх, чамайг ойлгох хүмүүстэй ойртон дотнос. Хамт олон дотроо өөрийн баттай байр суурийг түрэн эзлэхийг чармай. Гэр бүлдээ хэрүүл маргаан, хардлага сэрдлэггүй халуун дулаан уур амьсгалыг авч ирэн, сэтгэл дүүрэн тайван амьдралыг чухалчлан эрхэмлэ. Юунаас болж, яагаад ганцаардан гиеүрч, бодлогоширон цөхөрч суугаагаа чи хэнээс ч илүү мэднэ. Тэр бүхнээ дахин нэг эрэгцүүлж тунгаан бодоод, амьдралыг өөдрөгөөр төсөөлж, бөхөж унтрах дөхсөн итгэл найдвараа сэргээ. “Хүн цөхрөх үедээ ч бас итгэж найдсаар байдаг” биш билүү? Тэгээд ч “итгэлийн дээд зэргийн хэлбэр бол цөхрөлийг даван туулах явдал” байдаг шүү дээ. Ганцаардал цөхрөлийг даван туулж, аж амьдралаа төвхнүүлэх нь хэнд ч лаахайдан даатгаж болохгүй, өөрийн чинь хойш тавилгүй, нэн даруй шийдэх амин хувийн үйл хэрэг мөнөөс мөн. “Амьдралаа төвхнүүлэхийг алгуурлаж байгаа хүн бүх ус нь урсаж дуусахыг хүлээн голын эрэгт сууж буй тэнэгтэй л төстэй юм даа” гэж мэргэн хүн айлдсан байна. Уйтгар ганцаардлаас ангижрахад чамд туслах хамгийн сайн бөгөөд найдвартай туслагч нь ажил хөдөлмөр юм. “Ажил биднийг дараах агуу их гурван хор: уйтгарлал, гажиг болон гачигдлаас ангижруулдаг”. Тиймээс уйтгарлан ганцаардах зав чөлөө өөрт өгөхгүйгээр ямар нэг хэрэгтэй зүйл хийж оролдож байж ганцаардлын хар зовлонгоос ангижран, гэгээн жаргалт мөчтэй учирна. Өөрийн тэсвэр тэвчээр, оюун ухааны хүчээр ганцаардлын хоосон орон зайнаас холдож, орчлонг шинээр харах боломж энэ зовлонг эдлэж суугаа хүн бүхэнд байгаа.

Ганцаардал нь огт гэрэл гэгээгүй, дан ганц таагүй харанхуй зүйл ч биш, түүнийг зөв талаас нь ашиглаж чадвал гэрэл гэгээтэй, таатай зүйлс бий юм. Ганцаардал хүнд ухаарал, сэхээрэл өгнө. Өөртэйгөө, дотоод хүнтэйгээ ярилцаж, эрэгцүүлж бодож, бясалган дүгнэлт хийх эерэг бололцоог олгоно. Сэтгэл зүрхээ сонсож, өөрийгөө би хэн бэ, хэн байгаад хэн болчихов гэдгээ танихад тустай. Нөгөө талаар ганцаардлыг зөв талаас нь ашиглаж чадвал амьдралд тохиолдож буй бэрхшээлийг даван туулах хүч чадвар өгдөг билээ. Цаг үеэсээ болон бусдаас хол тасран түрүүлчихсэн суу билигтнүүд ганцаардмал байх нь элбэг. Хүмүүс тэдний хэлж ярьж, хийж үйлдэж байгаагийн эн зэрэгт нь хүрч гүйцэж ойлгож чадахгүй ганцаардуулан зовооно. Ганцаардалтай эвлэрч илэн далангүй ойлголцож чаддаг авьяастнууд өөрийгөө дайчлан эрч хүчтэй бүтээн туурвиж цогцлооно. Ганцаардан зовж, унжийж урвайн бүү шанал. “Боломж байгаа цагт хөгжилтэй амьдар”.

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~