Өөрөөр хэлбэл бидний амьдрал үгээр дамжин гардаг бодол санаанаас маань ихээхэн хамаардаг гэсэн үг. Энд би хаа нэгтээгээс уншсан зүйлээ тайлбарлах гэсэнгүй. Харин хичнээн сарвайвч тусалж дэмжих хүн байхгүй, ёстой л сүүдрээсээ өөр нөхөргүй хүний нутагт очоод (эргээд бодоход аймаар зоригтой байж дээ. Юунд найдаж явсан юм бол гэж заримдаа бодогддог), эргээд эх орондоо ирэх хүртэл надад юу бодогдов, найзууддаа юу гэж хэлмээр байсан, түүнийгээ л бичлээ. "Амжиж алдрын оргилд хүрсэн бол Аз жаргалын хаалгыг бусдадаа нээж өг" гэсэн үг байдаг. Өөрөө гайгүй боломжтой болсон бол бусдын амьдралд жаахан ч гэсэн гэрэл гэгээ нэм гэсэн утгатай энэ үгэн дээр үндэслээд би үүнийг бичсэн юм. Амьдралаа аз жаргалтай, баяр баясалтай болгон өөрчлөх тун амархан арга бол толгой дахь бодол санаагаа өөрчлөхөөс эхэлдэг. Хамгийн наад зах нь аливааг эерэг өнцгөөс харж сурцгаая. Өөрийнхөө болон бусдын тухайд үргэлж өөдрөг, сайн сайхнаар төсөөлж, бодож, ярьж байя. Бусдыг муулах, атаа жөтөө, хорсол гомдол тээсэн хүний амнаас яаж сайхан үг гарах вэ дээ. Харин үргэлж муу зүйл ярьж, хэлж явдаг хүний амьдрал өөдөлнө гэж үгүй. Тэгээд ч бидний оюун ухаан амьдралаа яаж авч явахад нөлөөлдөг бөгөөд бид цөмөөрөө хамгийн их боддог зүйлийнхээ төлөө л зүтгэж, тэмүүлж амьдардаг. Тэрхүү бодол, санаандаа яг соронзонд татагдаж байгаа юм шиг татагддаг. Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гэж үг байдаг шүү дээ. Санаандаа бодоод л, мөрөөдөөд, түүнийхээ төлөө тэмүүлж явбал болж л таардаг. Тархи бол угаасаа юу хүсч байгаагаа боддог эрхтэн. Нэгэнт үргэлж сайхан бодол тээж явдаг хүний амнаас сайхан л үг гардаг. Түүнийгээ дагаад ч тэр үү, амьдрал, ажил алба нь тэгш сайхан явдаг. Монголчууд бид үргэлж сайхан зантай, ерөөлтэй, бэлгэ дэмбэрэлтэй үг хэлж явдаг хүнийг хор нь гарчихсан хүн гэдэг дээ. Мөн "Амны билгээс ашдын билэг" гэсэн сайхан үг ч бий. Энэ бол зүгээр ч нэг сайн юм болж магадгүй гэсэн хоосон горьдлого биш. Харин юу хүсэх нь ямар үр дүн авчирч болдгийг томьёолсон шалтгаан, үр дагаврын холбоотой нарийн ойлголт юм. Ер нь ардын хэлц үг гэдэг бол олон зууны турш амьдралын хууль, жам ёсыг ажиглан таниад, тэрхүү хур мэдлэгээ цөөн үгээр тун товч ойлгомжтой хэлж үлдээсэн ухаант үгнүүд байдаг. Тиймээс уруул давж байгаа үг бүрээ аз жаргалтай, билэг дэмбэрэлтэй, баяр хөөртэй бодол сэтгэл, утга санаатай гаргаж байхтун. Мэдээж өөгүй цэвэрхэн, алдаагүй хүн гэж байдаггүй. Гэхдээ өөрийнхөө тухай, хамт олныхоо тухай, найз нөхөд, эцэг эхийнхээ тухай, ер нь бусад хүний тухайд сайн талыг нь олж харж, түүнийг нь хөгжүүлж, дэмжиж бусдад баяр баясгалан бэлэглэж байснаар танд алдах зүйл гарахгүй. Зарим хүмүүс үүний яг эсрэг хийдэг. Тэд хүний юу нь болохгүй байна, түүнийг нь хамгийн түрүүнд олж харж, алдаа дутагдлыг нь үргэлж ярьж, бодож шүүмжилж явдаг бөгөөд хов жив хөөцөлдөхгүйгээр баяр хөөртэй амьдарч чадахгүй болтлоо өөрийгөө дасгасан байдаг. Хүний мууг үзсэн иймэрхүү хүмүүс хэзээ ч жаргалтай амьдарч чаддаггүй. Аз жаргал гэдэг бол "унжиж байснаа унаад ирдэг" зүйл л лав биш юм билээ. Харин аливаа зүйлийн сайхан чанаруудыг нь олж харж, сайн зүйлийн талаар бодож санаж, аз жаргалтай, билэг дэмэрэлтэй зүйл ярьж, бусдад аз жаргал бэлэглэснээр ирдэг зүйл юм билээ.
С.Ганбаатарын "Далд уул" номоос.
No comments:
Post a Comment